80 жилийн тэртээ нацист Герман Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн түүхтэй


    1939 оны есдүгээр сарын үүрийн 04.48 цагт Вестерплаттегийн тохойд нацист Германы “Швезлиг-Голштейн” байлдааны хөлөг онгоц Польшийн талын эрэг дахь цэргийн агуулах бүхий 200 орчим цэрэг, офицертой гарнизоны байрлал руу гал нээж эхэлжээ. Гэрманы довтолгоог Польшийн жижиг гарнизон долоо хоногийн турш баатарлагаар тогтоон барьж, сум дуусч ундны усгүй болсныхоо дараа л бууж өгсөн гэдэг.  

Польшийг эзлэн түрэмгийлсэн нь Германы блицкриг буюу цахилгаан дайны стратегийн амжилттай эхлэлийг тавьсан гэж үздэг байна. 

Тэнгисээс довтлохтой зэрэгцэн Польшийн хилээр хуурай замын моторчилсон ба танкийн анги нэгтгэлүүд нэвтэрч, хот, нисэх буудал, төмөр зам, гүүр, аж үйлдвэрийн объектуудыг нэгэн зэрэг агаараас бөмбөгдөж эхэлжээ.

Польшийн дайчид эх орноороо хамгаалан эрэлхгээр тулалдсан ч нацист Германы түрэмгийлэгчид тус улсын армийг таван долоо хоногийн дотор бут ниргэсэн юм. Польшийн Засгийн газар дайн эхэлснээс зургаан хоногийн дараа Варшавыг орхиж, дараа нь бүр эх орноосоо дүрвэхэд хүрчээ.

Таван долоо хоногийн тулалдааны явцад Польшийн 70 мянган цэрэг, офицер амь үрэгдэж, 138 мянга нь шархдаж, 420 мянган цэргийн албан хаагч олзлогджээ. Харин Германы зэвсэгт хүчин хавьгүй бага хохирол амсч, 16 мянган цэрэг офицер амьнасаа алдан 27 мянга нь шархдсан байна.

Польшийг эзлэн түрэмгийлээд нацистууд тус улсын хүн амыг устгах харгис хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ. Дайны жилүүдэд Польшийн зургаан сая иргэн амь үрэгдсэн юм.

Н.Түвшин



Сэтгэгдэл бичих