Хятад улс жилд 6 тэрбум жоом үржүүлдэг

Хятад улс жоомыг аж үйлдвэрийн аргаар  үржүүлдэг байна. Жоомны ферм бүр нь хөл бөмбөгийн хоёр талбайн дайтай байдаг аж.  Гэтэл жоом нь ийм хэмжээгээр хэнд, юуны учир хэрэгтэй байдаг юм бол?

Олон хүн жоомыг ой гутмаар амьтан гэж үздэг. Гэтэл хятадын эмийн үйлдвэрт жоом нь сайн бизнес болж,  эрүүл мэндэд ач тустай гэсэн итгэл үнэмшил тус оронд өргөн тархжээ.  Хятад болон Азийн бусад оронд шарсан жоомыг олон зуун жил хүнсэндээ хэрэглэж ирсэн  ч,  харин одоо энэ шавьжийг тусгай том фирмүүдэд үржүүлдэг байна.

Хятадын баруун өмнөд нутгийн Сичан хотын нэг эмийн компани жилд зургаан тэрбум жоом үржүүлдэг аж.

Тэд жоомыг хоол хүнсэндээ хэрэглэж, иддэг төдийгүй хятадын анагаах ухаанд  байнга хэрэглэдэг аж.

Байшин дотор жоомнууд бүрэн чөлөөтэй байх бөгөөд хаашаа л бол хаашаа гүйлдэж, үржиж олширч байдаг байна. Харин тэднийг байлгадаг  байшин нь битүү бөгөөд орох хүний тоо хатуу хязгаартай гэнэ.  Энэ фермийн жоомнууд өдрийн гэрэл бараг үздэггүй гэнэ.  Температур, чийгээс аваад, жоомнуудад генетикийн өөрчлөлт  гарч байгаа эсэх, тухайн тодорхой  жоомны өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг 80 гаруй үзүүлэлтээр хэмжилт  байнга хийдэг тусгай төхөөрөмжийг энд  суурилуулжээ.

Эдгээр хэмжилт нь жоомыг аль болох түргэн үржихэд хэрэгтэй байдаг байна. 

Жоомыг зохих насанд хүрэхэд, түүнийг барьж, няцлан жижиглэж, боловсруулаад, хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг хандны бэлдмэл хийдэг аж.