Тайванаас ирэх жуулчдын тоо өсчээ

Тайваниас Монгол Улсад аялахаар ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 30.1 хувиар өсчээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны эхний хагас жилд манай улсыг зорин 215,780 жуулчин аялахаар ирснийг онцоллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13,132 жуулчнаар буюу 6.48 хувиар өссөн үзүүлэлт аж.

Харин Тайваниас Монгол Улсад хамгийн их буюу 2,020 жуулчин аялахаар ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1 хувиар (467 хүн) нэмэгдсэн үзүүлэлт юм. Удаад нь Беларусь улсаас ирсэн жуулчдын тоо 23.4 хувиар, Япон 19.7 хувиар, Герман 17.1 хувиар, БНХАУ 8.8 хувиар, БНСУ 6 хувиар тус тус нэмэгджээ.

Тайваниас ирсэн жуулчдын тоо 2,020 байгаа бөгөөд эхний 11-р байранд орж байгаа нь Азийн орнууд дундаа 4-рт Хятад, БНСУ, Японы дараа орж байна.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун "Тайвань Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үүднээс Тайпэй олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол компаниудыг урьж оролцуулдаг. Өнгөрсөн 2018 онд Монгол Улсаас оролцсон аяллын компаниуд тус үзэсгэлэнд идэвхтэй оролцохын сацуу СТА морин хуурч, хөөмийч Д.Даваасүрэн оролцож үзүүлбэр үзүүлсэн нь хүмүүсийн таашаалд хүрч, олон Тайвань хүмүүс Монголын талаарх мэдлэгээ тэлж, арга хэмжээнд өнгө нэмж чадсан юм" гэлээ.  Хуан төлөөлөгч мөн хэлсэн үгэндээ, Тайваниас жил бүр 10 сая гаруй жуулчин гадаадад аялдаг ба талуудын ойр дотно харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд жуулчдын тоо улам бүр өснө гэж найдаж байна гэв.

Сэтгэгдэл бичих