Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэх нь

Сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна
НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1,226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн.

Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. 

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар батлагдаж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөлт дуусах шатандаа орсон.

Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийгдэхээс 55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна” гэв.

134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1,302, дотор орчинд 5,366 ширхэг хяналтын камер ажиллаж байна
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/49 дүгээр захирамж, БСШУС-ын сайдын А/200, “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44,  А/45 дугаар тушаалыг тус тус үндэслэн цахим элсэлтийг Чингэлтэй дүүргийн 15 сургуульд зохион байгууллаа. “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25,894 хүүхэд, 25,913 эцэг эх, асран хамгаалагч, 2,646 багш хамрагдсан.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 28,181 хүүхэд бүртгэгдсэн.

“School police” эцэг, эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил 25 хүртэлх хувиар, 2019 оны эхний 6 сарын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар буурсан судалгаа гарсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1,302, дотор орчинд 5,366 ширхэг хяналтын камер ажиллаж байна” хэмээв.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гарсан ажлын тоо 594 байна. Үүнээс үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн 203, үнэлгээний хорооны зөвлөмж ирээгүй 391 ажил байна. Энэ онд нийт 539.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 407 төсөл хэрэгжсэн. Үүнээс 52 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 80 ажил 90-ээс дээш хувьтай хэрэгжиж байна” хэмээлээ.

Томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулна
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг удирдсан Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув.

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулсан. Уг уралдаанд шалгарсан зураг төслийн дагуу хийгдэх ёстой тохижилтын ажил ямар шатандаа явж байна. Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлын хүрээнд хаана ямар ажлууд хийгдэж байгаа талаар, Яармагийн Наадамчдын гудамжны авто зам усанд автсантай холбогдуулан дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохирлыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн. Энэ ажлын явц ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах ажлыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов.

Мөн Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн дагуу хийх тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 км явган хүний зам, дугуйн замтай нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх, ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож, эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах” үүргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан юм.

 Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих