"Ливерпул" УЕФА-гийн супер цомыг гардлаа


Туркийн Стамбул хотноо Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА-гийн супер цомын төлөө тоглолт Аваргуудын ба Европын лигт тус тус түрүүлсэн Английн “Ливерпул”, “Челси” багуудын хооронд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөжээ.

            Тоглолтын үндсэн цагт “Челси”-гээс Оливье Жиру, “Ливерпул”-ээс Садио Мане гоол оруулснаар багууд хайнцаж цаг сунган өрсөлджээ. Нэмэлт цагт Садио Мане дахин гоолдсон ч “Челси”-гийн Жоржиньо тооны харьцааг тэнцүүлснээр ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулахад хүрсэн юм.

            “Ливерпул” торгуулийн цохилтоор 5:4-өөр тэргүүлэн УЕФА-гийн супер цомыг дөрөвдэх удаагаа гардаж энэ үзүүлэлтээр Испанийн “Реал”-тай тэнцлээ. Тус цомыг Испанийн “Барселон”, Италийн “Милан” хамгийн их буюу таван удаа өргөж байсан аж.

Н.Түвшин 

Сэтгэгдэл бичих