"Замаас гарсан долоон чиргүүлийн дөрвийг нь босгоод байна"

Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж байсан ачааны вагоны долоон чиргүүл замаас гарсан осол гарчээ.

Энэ талаар УБТЗ-ын хэвлэлийн албанаас тодруулахад "Өнөөдөр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан ачааны вагоны долоон чиргүүл замаас гарсан осол гарсан. Энэ нь 08:30 цагийн үед "Багахангай" өртөөг өнгөрөөд "Мааньт" өртөө орчимд болсон.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй, галт тэрэгний хөдөлгөөн саатаагүй хэвийн үргэлжилж байгаа.

УБТЗ-ын сэргээн босгох ангийнхан 15:00 цагийн байдлаар дөрвөн чиргүүлийг зам дээр нь гаргасан. Үлдсэн гурван чиргүүлийг босгох ажил хийгдэж байна.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагч, Тагнуулын болон цагдаагийн байгууллага, УБТЗ-ын тээврийн хянлтын алба, тээврийн прокурор тус тусын чиглэлээр газар дээр нь ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Зургийн эх сурвалж: TV5 телевизийн шууд дамжуулалтаас ашиглав.

Сэтгэгдэл бичих