Төв Африкт Оросын 170 хөлсний цэрэг үүрэг гүйцэтгэдэг


АНУ-ын “CNN” телевизийн сэтгүүлчид Төв Африкийн Бүгд найрамдах улс (ТАБНУ) дахь Оросын хөлсний цэргүүдийн үйл ажиллагааны тухай сурвалжлага хийжээ.

ТАБНУ-ын нийслэлийн гудамж талбайд Оросыг дэмжсэн утгатай зурагт хуудсууд хаа сайгүй тааралдах ба орон нутгийн радиогоор орос дуу цацаж, олон сургуульд орос хэл заадаг ажээ. Энэ бүхнийг “Lobaye Invest” компаниар дамжуулан ТАБНУ-ын алмаз эрдэнэ, алт олборлох тендерт түрүүлсэн Оросын тэрбумтан, “Путиний тогооч” гэгддэг Евгений Пригожин ивээн тэтгэдэг гэнэ.   

            “CNN”-ийн сэтгүүлчдийн үзэж буйгаар Евгений Пригожин түүнчлэн тус улс дахь Оросын хөлсний цэргүүдийг санхүүжүүлдэг аж. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэг цэрэг Евгений Пригожинтой холбоотой Оросын “Вагнерийн цэргийн хувийн компани” гэгчээс цалинждагаа хэлжээ.

            Евгений Пригожинтой холбоотой “M-Finans” компаниас нэгэнтээ мөнгө авч байсан ТАБНУ-д цэргийн зааварлагчаар ажиллаж буй Чеченийн хоёрдугаар дайны ахмад дайчин Валерий Захаров хэлэхдээ, түүний ажил олгогч нь ТАБНУ-ын Ерөнхийлөгч Фостен-Арканж Туадер бөгөөд “Вагнерийн цэргийн хувийн компани” гэгч албан ёсоор байдаггүй ба Африкийн энэ улсад Оросын хөлсний цэргүүд үгүй гэжээ. Гэвч тэрээр зааварлагчдын цалинг хэн олгодог талаар тоймтой хариу хэлж чадаагүй аж.

            “CNN”-ийн мэдээллээр, ТАБНУ-д “Вагнерийн цэргийн хувийн компани”-ийн Оросын 170 хөлсний цэрэг янз бүрийн үүрэг даалгавар биелүүлдэг юм байна.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих