Хонгконгийн нисэх буудлын ажиллагаа хэвийн горимд шилжиж байна


Хоёр өдрийн турш эсэргүүцлийн жагсаалын талбар болсон Хонгконгийн олон улсын нисэх буудлын ажиллагаа аажмаар хэвийн горимд шилжих болсон тухай “ВВС” агентлаг уламжилж байна. Хонгконгийн шүүх нисэх буудлын захиргаанд жагсагчдыг хүчээр хөөн гаргах эрх олгосны дараа жагсаалд оролцогчдын дийлэнх нь тарж, бараг бүх чиглэлийн нислэгт зорчигч бүртгэж эхэлжээ.

Харин өчигдөр хэсэг жагсагч хоёр зорчигчийг бүслэн эх газрын Хятадын тагнуулч хэмээн саатуулж гарыг нь хүлжээ. Саатуулагдсан нэг зорчигчийн бие муудан ухаан алдсан ч жагсагчид эмнэлгийн түргэн тусламжийн ажилтнуудын түүнд ойртуулахгүй байжээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, бороохой хэрэглэхэд хүрсэн аж.

Жагсагчид цагдаа нарын хооронд болсон мөргөөлдөөнд хоёр цагдаа бэртсэн ба хоёр хүнийг барьцаанд байлгасан хэт радикал таван жагсагчийг саатуулжээ.

Хонгконгийн иргэд БНХАУ-ын хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг Бээжинд шилжүүлэн өгөх тухай хуулийг эсэргүүцэн хоёр сарын турш жагсч байгаа билээ.

Н.Түвшин 

Сэтгэгдэл бичих