Хаядаг биш ашигладаг байвал дотоодын үйлдвэрлэл хөгжинө

Нийслэлчүүдийн 80 хувь нь хогоо огт ангилдаггүй хэмээн Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооныхон өнгөрсөн онд мэдээлж байсан. 10  жилийн өмнөхийг бодвол бид хогоо ангилж хаях тухай ярьдаг болсон нь сайн хэрэг. Огцом биш ч багахан ахиц гарсан нь гарцаагүй. Хог хаягдлаа ангилах нь түүгээр баялаг бүтээх боломж бүрдүүлэхээс гадна эдийн засаг, орчны болон хөрсний бохирдол, түүнээс шалтгаалсан өвчлөл зэргийг бууруулахад тустай. Гэхдээ хогоо ангилахаас гадна дахин боловсруулах үйлдвэрт аваачих нь бас  чухал аж. Манайд Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаан даваа зэрэг хогийн цэгүүд олон. Тэнд буулгасан хогийг шатаахад хорт хий ялгарч, газар булахад хөрсний бохирдол үүсгэдэг зэрэг сөрөг нөлөө ихтэйг мэдэхгүй хүн үгүй биз. Харин хогоо ангилж дахин боловсруулснаар дээрх сөрөг үр дагавруудыг багасгах сайн талтай.

Image result for царцаа ногоон

 Нийслэлд дахивар авдаг 100 гаруй цэг байдгийн ихэнх нь хотын төвөөс зайтай учир иргэд ангилсан хогоо шууд ачуулдаг гэнэ. Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суугч Г.Тамир “Гялгар уут, цаас, хуванцар зэрэг хогоо ангилж хаяхыг хичээдэг. Гэхдээ түүнийгээ дахин боловсруулах үйлдвэрт аваачих нь бараг л боломжгүй зүйл. Машингүй учир их хэмжээгээр хуримтлуулсан дахивраа хол газар авч явахад бэрх. Тиймээс хогийн машин ирэнгүүт ачуулчихдаг” гэж байлаа. Уг нь хуримтлуулсан дахиврыг авдаг “Царцаа ногоон” гэх дуудлагын үйлчилгээ байдаг аж. Тэднийхээр үйлчлүүлэхийг хүсвэл (хогийн хэмжээ, байршил хамаарахгүй) 5000 төгрөгийн хөлс төлөх шаардлагатай. “Царцаа ногоон”-оор үйлчлүүлж байсан Сонгино-Хайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч А.Батхүү “Төлбөр төлөх хүндрэлтэй санагддаг учир аргагүйн эрхэнд хаягдлаа шууд хаяж байна” гэв. Харин Хан-Уул дүүрэгт оршин суугч Ц.Баярчимэг “Хог хаягдлаа багасгах үйлсэд дэлхий нийтээрээ анхаарч байна. Эх дэлхийгээ хамгаалах үйлсэд гар бие оролцож буй учраас 5000 төгрөг төлөх нь нэг их асуудал биш. Хаягдлыг баялаг болгож болдгийг бид хойч үедээ үлгэрлэх ёстой. Хогоо ангилж, түүнийгээ дахин боловсруулах үйлдвэрт аваачиж өгөх зав гардаггүй байсан. Бидний өмнөөс хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт аваачих үйлчилгээ нэвтрүүлсэнд сэтгэлд хангалуун байна” гэж ярив. Ингэхлээр үүнд амьдралын боломж бололцоо ч нөлөөлж байж болох. 

Image result for царцаа ногоон

Иргэдийг дахин боловсруулах үйлдвэртэй холбоход тус үйлчилгээ “гүүр” болох учиртай. Гэвч сайн дурын залуучууд өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг тул шатахуун худалдаж авах, автомашинаа засаж, янзлах, томруулах зэргээс авахуулаад санхүүгийн бэрхшээл тулгардаг учир иргэдэд хангалттай хүрч үйлчилж чадахгүй байгаагаач учирлаж байлаа. Тиймээс одоохондоо долоо хоногт нэг удаа буюу бямба гарагт л дуудлага өгсөн айл, өрхүүдийн хаалгыг тогшиж байна. Тус үйлчилгээг хариуцсан ажилтан, “Хогоо багасгая” фэйсбүүк группийн гишүүн Б.Саруул “Бид дахивар худалдаж авдаггүй. Харин дуудлагын үйлчилгээний хөлс авдаг. Ашгийн бус бөгөөд үйл ажиллагааны зардлын ихэнх хувийг өөрсдөөсөө сайн дураараа гаргаж байгаа. Тиймээс үйлчилгээний хөлс авахаас өөр арга одоохондоо алга” гэв. Тэд нэг удаа дуудлагад явахдаа 4-5 айл, аж ахуйн нэгжид үйлчилдэг аж. Энэ үйлчилгээ нийгэмд хэр эрэлт, хэрэгцээтэй байгааг тодруулахаар өнгөрсөн бямба гарагт тэдэнтэй хамт явлаа. “Олимп”, “Кристал”, “Ривэр гарден” зэрэг хотхоны оршин суугчдаас хуванцар сав, гялгар уут, лааз, шилний нийт 20 гаруй кг дахивар авав. “Олимп” хотхоны оршин суугч Т.Номин “Цагаан сараас хойш дахин боловсруулж болох хогоо ангилж, цуглуулсан. Ингэснээр байгальд хаях хаягдал хамаагүй багасчихдаг. Эх дэлхийгээ хамгаалах үйлсэд бага ч гэсэн хувь нэмэр орууллаа гэж бодохоор сэтгэлд өег. “Царцаа ногоонууд” дахивар авч явахдаа ууттайгаа ирвэл бидэнд амар байдаг. Ангилсан хогоо өгч явуулах гэхээр хийх зүйл олдохгүй юм. Цаашид дуудлагын хөлс авахгүй байвал бүр ч сэтгэл хангалуун үйлчлүүлнэ” хэмээв. Биднийг тус айлын үүдэнд дахивар авч байгааг харсан хөршүүд нь “Ийм үйлчилгээ байдаг юм уу, ангилсан хогоо яахаа мэдэхгүй байсан юм. Та нарт өгчихье” гэцгээж байв. Тус үйлчилгээний ажилтан Б.Саруул оршин суугчдад ямар хог ангилж болохыг сануулж, зөвлөгөө өгсөн. Учир нь бүх хогийг ангилж болно гэсэн ойлголттой иргэд цөөнгүй бий. Гадны үйлдвэрийн ундааны шил, сав зэргийг дахин боловсруулах боломжгүй учир хаяхаас өөр аргагүй. Дотоодын үйлдвэрийн “Хужирт”, “Сэнгүр” зэрэг ус, шар айраг, чанамлын шилийг дахин боловсруулдаг юм байна. “Талх чихэр”, “Өгөөж”, “Стимо” зэрэг компанийн талх, нарийн боовны уутыг ч дахин боловсруулдаг учир цуглуулахад гэмгүй. Харин мөнгөлөг доторлогоотой гадаадын үйлдвэрийн гялгар уутыг дахин боловсруулах боломжгүй аж. Иймээс бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө сав, баглаа, боодлыг нь харж сонголт хийх шаардлагатайг Б.Саруул онцолж байлаа. Дотоодын үйлдвэрийн “PP”, “HDPE” зэрэг тэмдэглэгээтэй бүх төрлийн уутыг дахин боловсруулж, гэр хорооллын нүхэн жорлонгийн доторлогоо, цэцгийн сав зэргийг хийхэд ашигладаг байна.  Жорлонгийн нэг доторлогоо хийхэд 3-5 тонн гялгар уут хэрэгтэй. Гэвч иргэд гялгар уутнаас илүү хуванцар сав цуглуулдаг нь ажиглагдав.

Манай улсад одоогоор хуванцар дахин боловсруулах үйлдвэр байхгүй тул урд хөрш рүү нийлүүлдэг гэнэ. Харин гялгар уутны үйлдвэр хэд хэд бий. “Царцаа ногоон”-ы байнгын үйлчлүүлэгч бол NCP спорт цогцолборынхон. Тэднийхээс энэ удаа 80 гаруй кг дахивар авлаа. Тус цогцолборын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Манай байгууллагынхан хогоо ангилж хаяхыг иргэдэд уриалж байгаа. Хүмүүс төвөгшөөлгүй уриалагхан хүлээж авдаг. Өвлийн улиралд хуванцрын хаягдал харьцангуй бага байсан. Дулааны улирал эхэлж, ачаалал ихсэх үед бүр их дахивар гарах байх. Шил, хуванцар, лааз зэргийг ангилахад хүндрэлтэй зүйл байхгүй. Хэмжээнээс нь хамаараад хоёр сард нэг удаа дуудлага өгдөг учраас ангилсан дахивраа хадгалах савтай болох хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүнд их хөрөнгө шаардахгүй байх. Ундааны лаазыг хооронд нь нийлүүлж, наагаад томхон сав хийчхэж болох юм билээ. Сэтгэл байвал өвсөөр ч байшин барина гэдэг шүү дээ. Бид хогийн саваа хаягжуулж, ажилчдадаа зөв дадал хэвшүүлэхэд айхтар их зардал гаргаагүй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийм санаачилга гаргахад болохгүй зүйлгүй” гэлээ. Дахиврыг цуглуулсныхаа дараа ангиллын буланд аваачдаг аж. Айлуудаас авсан дахин боловсруулах боломжтой хогийг PP, HDPE, PETE, OTHER, LDPE зэргээр дахин ялгав. Дахин боловсруулах үйлдвэрүүдэд LDPE ангиллын гялгар уут сүүлийн үед эрэлттэй байгаа гэнэ. 

Image result for Дахин боловсруулах үйлдвэр

Сүү, живх, ариун цэврийн хэрэглэлийн уутан дээр энэ тэмдэглэгээ ихэвчлэн байдаг. Тэдгээрийг дахин боловсруулж гадна тохижилтын сандал мэтийг хийдэг аж. “Царцаа ногоон”-ыхон шороо, тоостой хутгалдаж ус, ундааны сав болгоны бөглөөг нэг нэгээр нь салгаж авахдаа огт төвөгшөөсөнгүй. Өвөл бол хэцүүхэн л ажил гэмээр. Олон ажилчин, дүрэмт хувцас, том оврын автомашинтай болох нь тэдний хэтийн зорилго. Хогоо ангилдаг өрх олширч, дуудлага ихэсвэл иргэдээс үйлчилгээний хөлс авах шаардлагагүйг ч тэд онцолсон. Дээрхийн адил аж ахуйн нэгж, байгууллага, өрх бүрээс сардаа нэг удаа ангилсан дахивар авбал түүнийхээ хэрээр дахин боловсруулах үйлдвэрүүд ч түүхий эдийн хомсдолд орохгүй мэт санагдав. Ингэснээр байнгын үйл ажиллагаа явуулдаг дахин боловсруулах үйлдвэрүүдийн тоо олширч, хаягдлаар баялаг бүтээгч улс болохыг ч үгүйсгэхгүй. Өрх бүрээс хоёр сард дунджаар нэг кг, 500 000 өрхөөс 500 тонн гялгар уут авахад л түүгээр тохижилтын сандал, цэцгийн мандал, траншейний 100 гаруй таг хийж болно гэж “Пластик центр” хаягдал дахин боловсруулах төвийн ажилчин хэлж байв. 

Манай улсын хэмжээнд дахин боловсруулах 23 үйлдвэр байдгаас 10 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Түр хугацаагаар хаалгаа барьсан үйлдвэрүүдээс яагаад үйл ажиллагаагаа зогсоосон талаар асуухад “Түүхий эдийн хомсдолд орсон”, “Шаардлагатай тоног төхөөрөмж хомс” зэргээр хариулж байлаа. Түүхий эд цуглуулах, ганц хүний авчирсан картон цаасыг хуримтлуулах нь их хугацаа шаарддаг гэнэ. Тиймээс иргэдийн гар дээрээс дахиврыг авч үйлдвэрт аваачиж өгөх үйл ажиллагааг холбох “гүүр” зайлшгүй хэрэгтэй санагдлаа. “Сайн цаас”, “Хэв хашмал хуванцар”, “Нарны адис” зэрэг үйлдвэрийнхэн “Царцаа ногоон” болон зарим аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийж, түүхий эдийн хомстолд орохоос бага ч болов сэргийлдэг юм байна. Байгальд шууд хаягдаж байгаа дахиврыг бүгдийг нь ашиглаж чаддаг бол дотоодын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хөгжих нь гарцаагүй. Хөгжингүй улс орнуудын иргэд  хуванцар савтай уух зүйл авахын тулд илүү мөнгө төлдөг гэнэ. Учир нь уусан ундааныхаа хуванцар савыг дахин боловсруулах машинд хийснээр шанд нь мөнгө, дараагийн худалдан авалтын дүнгээ хөнгөлөх эрхийн бичиг зэргийг авдаг аж. Энэ мэт зохицуулалт тухайн улсыг хог хаягдал дахин боловсруулдаг жишиг орнуудын тоонд багтаасан байж ч мэднэ. Манай улс дээрх шиг дэлхийн жишгийг нэвтрүүлж чаддаггүй юм гэхэд иргэдийнхээ “Царцаа ногоон” шиг олон  санаачилгыг дэмжээсэй.

Л.Энхцэцэг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Tumee - 66.181.161.97Өчигдөр

Zov sanaachlaga