Эх газрын чулуунаа 3000 морин хуурч чууллаа

 Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт Дундговьчууд 3000 уртын дууч, морин хуурчийг гол цөмөө болгосон “Уяхан замбуу тивийн наран” урлаг соёлын цогц үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Говь нутгийн үзэсгэлэн болсон Эх газрын чулууны байгалийн тайзнаа уртын дууч, морин хуурчид, Дундговь аймгаас төрсөн алдартан гавьяатууд, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Н.Норовбанзадын дэлхий дахинд хүргэсэн “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг эгшиглүүлсэн нь говийн үзэсгэлэнт байгаль, уул устай сүлэлдэн ирсэн зочдын сэтгэлийн утсыг хөглөжээ.

Тоглолтод ардын жүжигчин А.Дашбэлжээ, ардын жүжигчин А.Нэргүй, Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Дадьсүрэн, гавъяат жүжигчин Ж.Дүнжмаа,  Ц.Чулуунцэцэг, Б.Сарантуяа, С.Цогтсайхан, соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг нарын урлаг соёлын алдартнууд оролцсоноос гадна Төв халхын дуулалт жүжгийн театр /ТХДЖТ/, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын сурагчид “Дуу хуурын орон” тоглолтоо толилуулав.

Монгол Улсын Их хурлын гишүүн Сү.Батболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нарын албан тушаалтнууд тоглолтыг үзэж сонирхсон бол Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээжээ.

Монгол Улсын ерөнхий сайдын мэндчилгээнд “Уяхан Замбуу тивийн наран Урлагийн их наадамд оролцогчдод чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Зууны манлай их дуучин Н.Норовбанзад, Д.Дорждагва нарын шуранхай сонсогдох уртын дуу, морин хуур, уянга эгшгийн ундарга болсон Дундговь аймгийнхан маань Дуу хуурийн өлгий хэмээх эрхэм хүндтэй алдраа батлан харуулж, үндэсний соёл, ёс заншлаа дээдлэн хадгалж, дэлгэрүүлэн хөгжүүлэх их үйлсэд хошуучлан яваад Ерөнхий сайд миний бие сэтгэл дүүрэн байна.

Нэг аймаг дангаараа 3000 уртын дууч, морин хуурчдыг нэг дор цуглуулан “Уяхан замбуу тивийн наран” их наадмыг хийж буй нь үнэхээр баярлууштай зүйл” гэж онцолжээ.

Их наадмын эхний өдөр болсон Төв халхын дуулалт жүжгийн театр, "Тэнгэрийн" тэмдэг хүүхдийн театрын сурагчдын “Дуу хуурын орон” хүндэтгэлийн тоглолтыг ТХДЖТ-ын дарга, ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач Монгол Улсын соёлын гавъяат жүжигчин Д.Доржсүрэн найруулсан бол Дундговь аймгаас төрөн гарсан урлагийн алдартнуудын тоглолтыг найруулагч, урлагийн гавъяат зүтгэлтэн Е.Сарантуяа найруулжээ.

“Уяхан замбуу тивийн  наран” урлагийн их наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, наадмын зохиолчоор яруу найрагч Д.Нямлхагва, ерөнхий зураачаар Соёлын гавъяат зүтгэлтэн П.Цэгмид, ерөнхий найруулагчаар ТХДЖТ-ын дарга, уран сайхны удирдаач, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Доржсүрэн, бүжгийн багшаар гавъяат жүжигчин, бүжиг дэглээч А.Даваахүү, найруулагчаар “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын захирал, Соёлын тэргүүний ажилтан А.Ууганбаяр, Т.Түвшинтөр нар ажиллав.



 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

фц - 202.179.31.1222019-08-13 15:01:35

энэ одоо юунд хэнд хэрэгтэй юм ... хайран цаг зав мөнгө хөрөнгө...