Б.Хурц сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзаж машиндаа суугаад явлаа

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд шүүх хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 12-нд Төв аймгийн шүүхэд 10.00 цагт товлогдсон. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаад байсан юм.

Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулж, шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ. Тиймээс  өнөөдрийн шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болсон байна. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцсон юм.

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийн дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн Баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн байна. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат,  Ө.Энхтүвшин нар багтаж байгаа аж.

Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлын өмнө УИХ-ын гишүүн түр хорооны бүрэлдэхүүнийг оруулах эсэхийг хурлын эхэнд шийдвэрлэх юм байна. Тэдний зүгээс хаалттай шүүх хуралдаанд хөндлөнгийн хяналт тавихын тулд оролцох хүсэлтэй байгаагаа  УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооны гишүүд хүссэн. Гэвч шүүгчдийн зүгээс Б.Хурц нарт холбогдох хаалттай хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан байна. Энэ талаар түр хорооны нарийн бичиг Н.Хишигбаяр "Хөндлөнгийн оролцогчоор оролцуулах боломжгүй гэдэг шийдвэрийг өгсөн. Шүүхээс энэ талаар мэдээлэл өгөх байх" гэлээ. Мөн энэ үеэр шүүх тэнхимийн гадна цугларсан ард иргэд Шүүх хурлын үйл явцыг нээлттэй байлгахыг шаардаж байлаа.

Шүүх хурал завсарлалаа

Шүүх хурал 15 минут завсарлаад, эргэн оров.  Түр завсарлагааны үеэр өмгөөлөгч Б.Мэргэнээс шүүх хурлын талаар мэдээлэл авхад тэрбээр “Хурал хэвийн үргэлжилж байна. Яг одоо шүүх хурлаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгчдийн өгсөн хүсэлтүүдийг хэлэлцэх гэж байна. Миний хувьд хүсэлт гаргаагүй, харин бусад өмгөөлөгч нар ямар хүсэлт гаргасан талаар би мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах тал дээр нилээд маргаан үүсээд байх шиг байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй шүү дээ. Угаасаа маш нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолд энэ хэсгийн гээд жаахан хэсгийн тасдаж аваад олон нийтэд ил болгосон шүү дээ. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой. Тэрнээс биш шүүхийн байгууллага шийдэхгүй. Тэгэхээр шүүхээс хамаарч энэ хэргийг хаалттай хэлэлцээд байгаа юм биш” гэв.

Шүүх хуралд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ирсэн ч түүнийг шүүх хуралд оруулаагүй

Энэ удаагийн шүүх хуралд Б.Содномдаржаа оролцож байгаа бөгөөд Шүүх хурлын гадаа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ирсэн байлаа.Тэрбээр  хэлэхдээ “Энэ хэргийн талаар Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо.  Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Б.Хурц яахаараа ингэж зүтгээд байдаг хүн бэ.  Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг л түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна. Одоо дөрвөн жил боллоо шүү дээ. Сар болоод нэг удаа хүүтэйгээ уулздаг юм. Сүүлд 20-иод хоногийн өмнө хүүтэйгээ уулзсан. Хүүгийн минь биеийн байдал яах вэ. Саяхан эмнэлэгт хэвтүүлсэн учраас гайгүй байна. Гэхдээ сэтгэл санааны асуудал маш хүнд байна. Би өнөөдрийн шүүх хурлыг үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Би хохирогч хэдий ч шүүх хуралд орж чадахгүй, оруулахгүй байгаа. Яагаад оруулахгүй байгаа юм бэ. Өөрсдөө хуйвалдаан зохион байгуулах гээд ингэж байгаа юм болов уу гэж хардаж байна” гэлээ.

Хоёр цаг гаруй хуралдаад дөнгөж сая Б.Хурц шүүхээс гарч ирэв.

Түүнээс тайлбар авахыг хүссэн ч сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар хийлгүй машиндаа суугаад явлаа. Шүүх хуралдаан үргэлжилж байгаа гэх ч яллагдагчгүй үргэлжлүүлэх боломжгүй юм. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.

Л.Энхцэцэг



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ryhrth - 202.179.25.26Өчигдөр

haraal idsen hurts

Irgen - 66.181.161.25Өчигдөр

Uls torjilgui shudatga shuugeesei

irgen - 202.179.25.26Өчигдөр

unen zov l shuugeesei bilee

- 66.181.161.99Өчигдөр

Хуц

Зочин - 64.119.23.14Өчигдөр

Нямдорж Батзандан хоерыг шүү