60 тэрбумын бичлэгтэй холбоотой хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуулийнхан олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг аваад байгаа. Ерөнхий прокурорын тушаалаар өмнө ЖДҮ, 60 тэрбум зэрэг томоохон хэргүүдийг шуурхай шалгах  цагдаа, прокурор, авлига, тагнуулын байгууллагуудын нэгдсэн ажлын хэсэг байгуулж байсан удаатай. Тэгвэл дээрх хэргүүдийн шалгалт эхнээсээ шувтарч эхэлжээ. ТЕГ-аас 60 тэрбумтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар өчигдөр прокурорт хүргэсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарт төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгажээ. Харин иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бололтой.

Хэргийг сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг дэгдсэн. Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан бичлэг гардаг. Уг бичлэг нь 2014 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 1-нд “Шинэ Монгол хаад” группийн захирлуудын зөвлөлийн хурлаас тус компанийн гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг иргэн Г.Доржзодовтой контрактын гэрээ байгуулж, Стратеги хариуцсан албан тушаалд томилохыг үүрэг болгосон гэдэг. Г.Доржзодов албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц зохион байгуулалт, мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын төв штабын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн санхүүжилтийн схем зэргийг нэгтгэн үзүүлэх илтгэл боловсруулах ажилд туслуулжээ. Үүний дагуу Ц.Сандуй, А.Ганбаатар нар дээрх 60 тэрбумын схемыг танилцуулсан нь олон нийтэд ил болсон бичлэг юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Монгол ялна - 66.181.161.632019-08-09 14:17:08

Үнэн байдаг үгүйг одоо л харна даа