Б.Хурц нарын шүүх хуралд Ц.Нямдорж сайд оролцохыг хүсчээ

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд ТЕГ-ын дарга асан Хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хурал ирэх даваа гаригт /2019.08.12/ болно. Тэгвэл шүүх хуралд Хууль зүй, Дотоод хэргийн сайд болон бусад гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалдаг бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажилдаг юм. Тэгвэл даваа гаригт болох Б.Хурц нарын шүүх хуралд тус түр хорооны гишүүд оролцох хүсэлтээ Төв аймгийн шүүхэд гаргасан байна. Тэдний зүгээс шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаа гэнэ.

Энэ талаар Төв аймгийн шүүхээс тодруулахад, "Шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар орох хүсэлтийг шүүх хурал болохоос өмнө шийдвэрлэдэг" гэсэн тайлбарыг өглөө. Тиймээс өнөөдөр /2019.08.09/ ажлын цаг дуусахаас өмнө шүүх хуралдаанд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооныхон оролцох эсэхийг шийдвэрлэх юм байна.


Сэтгэгдэл бичих