Тайип Эрдоган Турк улс Крымийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэв

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган тус улсад албан ёсны айлчлал хийж буй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн хурал хийсэн тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Таийп Эрдоган үг хэлэхдээ, “Турк улс Крымийн хойгийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр би Турк улс Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хэзээд дэмжинэ гэдгийг дахин нотолж байна. Крымийн татарууд манай хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Би Крымийн татаруудын эрх, үндэсний хэл, соёлоо хадгалан үлдэхийг ямагт дэмжих болно” гэжээ.

Тэрээр түүнчлэн, “Украины зүүн хэсэгт болж буй зэвсэгт мөргөлдөөн ойрын үед зогсоно гэдэгт найдаж байна. Бид Минскийн хэлэлцээр, Туркийн дипломатууд оролцож буй Европын зөвлөлийн аюулгүйн байгууллагын үйл ажиллагааг дэмжсээр байх болно. Өчигдөр Украины зүүн хэсэгт дөрвөн цэргийн албан хаагч амь үрэгдсэн тухай харамсалтай мэдээ сонслоо. Украины ард түмэн ба Ерөнхийлөгчид гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хариу үг хэлэхдээ, “Миний байгуулсан шинэ баг аргагүйн эрхэнд гадаадад хөдөлмөрлөхөөр гарсан иргэд эх орондоо баяртайгаар эргэн ирэх тийм улс цогцлоохыг хүсч байгаа юм. Шинэ Украиныг бий болгоход Турк улсыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Танай улсын дэмжлэг бидэнд маш чухал” гэжээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих