Б.Цэцгээ: Байтын 19 мастер зэрэг төрнө гэдэг түүхэн амжилт

Өнгөрсөн онд амжилт, ололт арвинтай байсан Монголын байт харвааны холбооныхон болон байт харвааны тамирчид энэ онд ч өнгөтэй байна. Тэд саяхан дахин нэг түүхэн амжилтыг байгуулжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монголын байт харвааны холбооноос Залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Энэ үеэр спортын мастер 11, дэд мастер 8 төрсөн бахдам амжилтыг үзүүлээд байна. Тэдний амжилт, баярыг хуваалцахаар Монголын байт харвааны холбоог зорьж, холбооны ерөнхий менежер Б.Цэцгээтэй уулзсан юм.  

-Монголын байт харвааны холбоо өнгөрсөн жил ололт амжилт ихтэй байсан. Өнөө жил ч тэр эрчээ алдахгүй маш идэвхтэй ажиллаж байгаа бололтой. 2019 оны эхний хагас өнгөрөөд багагүй хугацаа өнгөрчээ. Бахдам амжилт, бахархах түүхийг бүтээсээр байгаа бололтой?

-Тийм ээ. Өнгөрсөн он бидэнд олон  ололт амжилтыг авчирсан. Тиймээс бид энэ онд эрч хүч дүүрэн байна. Байтынхан Монголдоо ч, олон улсын чанартай тэмцээн уралдаануудад ч өнгөтэй байлаа.

Дотооддоо маш олон уралдаан тэмцээн зохион байгуулж, тамирчид маань байнгын бэлтгэл сургуулилалттай байгаа. Тодруулбал, Монголын байт харвааны холбооны зүгээс  2019 онд заалны найм, гадаа талбайн есөн тэмцээнийг зохион байгуулахаар календарчилсан.  Түүнийгээ яг л хуваарийн дагуу зохион байгуулсаар одоо гадаа талбайн хоёр тэмцээн л үлдчихээд байна.

Танхимын найман тэмцээнийхээ хаалтыг заалны улсын аварга шалгаруулах тэмцээнээр өндөрлүүлсэн. Тиймээс одоо он дуустал дахин заалны тэмцээн зохион байгуулагдахгүй гэсэн үг.

Харин гадаа талбайн есөн тэмцээний долоо нь зохион байгуулагдсан. Хамгийн сүүлд Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт гадаа талбайд зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө. Энэ тэмцээн рекурв буюу компаунтын гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан. Нийт 11 байгууллагын 100 гаруй тамирчин оролцож цэц мэргэнээ сорьсон юм.

Энэ жилийн улсын аварга тун өвөрмөц байлаа. Учир нь түүхэнд байгаагүйгээр олон тамирчин цол зэргэмийн норматив биелүүллээ. Тодруулбал, нийт 19 харваач спортын мастер болон дэд мастерын цол хангалаа. Үүнээс спортын мастер 11, дэд мастер найм төрсөн.

-Үнэхээр бахдам үзүүлэлт байна. Өмнө нь ингэж олноороо мастерууд төрж байгаагүй юу?

-Миний санаж буйгаар 1985 онд 15, 1987 онд 17 мастер төрж байсан. Түүнээс хойш ийм олон төрж байгаагүй. Жилд дунджаар 4-6 мастер төрж байсан. Тэгэхээр яах аргагүй түүхэн амжилт байгаа биз.

-Гадаад талбайд болсон тэмцээнд тамирчид ингэж өндөр оноо авч, бахдам амжилт үзүүлж байгааг “360” талбайтай шууд хамааралтай гэж харж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Байт харвааны “360” талбайтай болсноор тамирчдын амжилт илт ахиж байгаа. Энэ бол бэлтгэлийн талбайтай болсонтой шууд хамааралтай. Үүнтэй тамирчид ч санал нийлж байгаа. Бид байт харвааны олон улсын стандартад нийцсэн талбайтай болж чадсанаараа өнөөдрийн энэ амжилтад хүрсэн.Тиймээс ч манай холбоог “Бөртэ чоно”-ын “Шилдэг бүтээн байгуулалттай холбоо”-гоор тодруулсан шүү дээ.

Гэхдээ энэ талбай зөвхөн бидний хичээл зүтгэлээр бүтсэн зүйл биш, Монголын ард түмэн бүгдээрээ тусалсан. Санаачилгыг гарган, гардан хийсэн холбооны удирдлагууддаа баярлаж явдаг юм.

-Одоо үлдсэн хоёр тэмцээн нь олон улсын чанартай тэмцээн гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тийм ээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Жамьянсүрэн, Монгол Улсын гавьяат тамирчин Дэмбэрэл нарын нэрэмжит тэмцээнийг төрсөн нутагт нь буюу Төв аймагт нь зохион байгуулдаг. Энэ тэмцээнийг манай холбоо төв аймагтай хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Тиймээс тэмцээнээ энэ сарын 16.17.18 өдөр зохион байгуулахаар товлоод байна. Уг тэмцээнд ОХУ, БНХАУ-ын тамирчид ирж оролцдогоороо онцлог болдог.

Үүний дараа есдүгээр сард Монголын хүүхдийн спортын зургадугаар их наадам болно. Энэ наадамд бага нас, өсвөр, залуучуудын улсын аваргаас шалгарсан шигшмэл тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

-Шигшээ багийн тамирчдын олимпийн эрх авах тэмцээнүүд хэзээнээс эхэлж байгаа вэ. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Шигшээ багийн тамирчид маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сорилгодоо оролцохоор бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн байгаа. Сорилго тэмцээний дараа есдүгээр сарын сүүлээр Японд Окозака мужид японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ. Үүний дараа Тайландад хамтарсан бэлтгэл хийнэ. Тэгээд үргэлжлүүлээд олимпийн эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцоно.

М.Гэгээн: Олимпод эх орноо төлөөлөх нь миний мөрөөдөл

Шинээр спортын мастер цолны болзол хангасан энэ охины М.Гэгээн гэдэг. Одоо 16 настай Хангарьд спорт клубын тамирчин. Байт харвааны олимпын рекурвийн төрлөөр одоо гурав дахь жилдээ хичээллэж байгаа хэмээн өөрийгөө танилцуулсан. Олимпод эх орноо төлөөлөхөд эх орноо төлөөлөхийг хүсдэг хэмээх том мөрөөдөлтэй, хэрсүү охины ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

-Юуны түрүүнд шинэхэн спортын мастердаа баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

Баярлалаа. Саяхан спортын мастер цол хангаад байна. Энэ жилийн насанд хүрэгчдийн гадаа талбайн улсын аварга дөрвөн зайд болсон. Эмэгтэй харваачид 30, 50, 60, 70м-т,  эрэгтэй харваачид 30, 50, 70, 90 метрээс харвасан. Миний хувьд 1440 онооноос 1245 оноо харваж, спортын мастер цолны болзол хангалаа.

-Удахгүй өсвөрийн дэхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд бэлтгэлээ базааж байгаа талаар дууллаа. Энэ тухайгаа яриач?

Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испани руу явах гэж байна. Уг тэмцээнд Монголоос 10 тамирчин, дасгалжуулагч багшийнхаа хамт явна. Уг тэмцээн нь наймдугаар сарын 17-23-ны хооронд гадаа талбайд болох ба миний хувьд өсвөр үеийн ангиллын 60 метр, залуучуудын ангиллын 70 метрт оролцоно.

-Одоо байнгын бэлтгэлтэй байна уу?

-Бид Эрдэнэтэд Цогтбаяр, Оюунханд дасгалжуулагч багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ базаадаг гэхдээ одоо хотод “Байт харвааны 360” талбайдаа бэлтгэл хийж байна. Бид яг жилийн өмнө ийм гоё олон улсын стандартад нийцсэн талбайтай болсон. Энэ талбай дээр бүх клубын тамирчид хүссэн үедээ бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой, нээлттэй байдаг нь бидэнд маш их боломжийг бий болгож байгаад баяртай байна. Долоо хоногийн зургаад нь бэлтгэлтэй байгаа.

-Тамирчид бүтэн жилийн төлөвлөгөөгөө гаргаж, оролцох тэмцээнүүдээ календарчилдаг юм билээ. Чи тэгдэг үү. Тухайлбал, энэ сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа чи ямар тэмцээнд оролцох вэ?

-Тийм ээ. Би хувьдаа төлөвлөгөө гаргадаг багш маань ч бидэнд тэмцээний хуваариудыг хэлдэг. Испанид болох өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа бид есдүгээр сарын эхний долоо хоногт дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн спортын зургадугаар их наадамд оролцоно. Тэр тэмцээнд Орхон аймгаа төлөөлөн оролцоно. Энэ тэмцээнд Орхон аймгаас гурван эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаа.

-Мэдээж 16хан насандаа спортын мастерын болзол гаргачихсан юм чинь дараа дараагийн зорилгоо тодорхойлчихсон байх. Нууц биш бол манай уншигчдад хуваалцаж болох уу?

-Зорилготой хүн л дээшээ дэвшдэг шүү дээ. Тиймээс том мөрөөдөл байгаа. Нэгэнт олимпийн төрлөөр хичээллэж байгаагийнх олимпод оролцож, амжилт гаргахыг мөрөөдөж байгаа.

Г.Оюунгэрэл: Спорт хүнийг зөв хүн болгодог гэж багш минь сургадаг

Улсын аваргаасаа алт, хүрэл хос медаль хүртэж, дэд мастерын болзол хангачихаад өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргад явах гэж байгаа энэ мундаг охиныг Г.Оюунгэрэл гэдэг. Тэрбээр тууштай, тэвчээртэй чанар хүнийг их зүйлд сургадаг. Байт харваа бидэнд үүнийг сургадаг. Багш маань ч “Спорт хүнийг зөв хүн болгож төлөвшүүлдэг” гэдэг. Би үүнтэй санал нийлдэг гэж ярих нь жинхэнэ тамирчинд байх чанарыг ухамсарласныг илтгэх мэт. Ингээд илүүг нуршилгүй түүнтэй хийсэн товчхон ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

-Юун түрүүнд байт харвааны спортын дэд мастерын болзол хангасанд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Би “Хангарьд” спорт клубт Цогтбаяр, Оюунханд багш нарынхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг. Байт харвааны спортоор хичээллэх болоод гурав дахь жилтэйгээ золгож байна. Саяхан бол гадаа талбайн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1164 онооны болзол хангаж, спортын дэд мастер цолтой боллоо.

-Байт харвааны спортыг их өртөг өндөртэй гэж спорт гэж үздэг. Үүнтэй хэр санал нийлэх вэ?

Ер нь бол тийм шүү дээ. Гэхдээ хичээл зүтгэл, сэтгэл байхад болдог юмаа. Энэ дашрамд багшдаа болон клубынхандаа баярлалаа гэж хэлье. Манай “Хангарьд” спорт клуб нь ганц байт харваа бус спортын олон төрлийн секц хичээллүүлж, бидэн шиг олон хүүхдүүдийг спортод элэгтэй, бие бялдрын хөгжил сайтай эрүүл монгол иргэнийг бэлтгэдэг. Бидний маш сайн дэмждэг. Байт харвааны  хүүхдүүдийг спортын мастер Т.Цогтбаяр багш удирддаг хичээллүүлдэг. Байт харваа бол цэвэр мэдрэмжийн спорт учир тогтмол хийдэг бэлтгэл жаахан тасрах төдийд нь баримжаа алдагдах гээд байдаг талтай. Бид долоо хоногийн зургаад нь тогтмол бэлтгэл хийж, ганц өдөр л амардаг. Энэ бүх бэлтгэл сургуулилтыг хийх гадаа талбай болон танхим, бусад хэрэглэл материалаар клуб маань хангадаг.

-Сая улсын аварга шалгаруулах тэмцээнд танай баг түрүүлсэн гэж сонссон?

-Тийм ээ. Саяхан болон өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс би хувийн дүнгээр хүрэл медаль авч, эмэгтэй багийн төрлөөр манай баг алтан медаль хүртсэн. Маш их баяртай байна.

-Улсын аваргаасаа алт, хүрэл хос медаль хүртэж, дэд мастерын болзол хангачихаад өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргад явах гэж байна. Сэтгэгдэл мэдээж өндөр байгаа байх.

-Сэтгэгдэл өндөр байна. Энэ хэрээр сэтгэлзүй ч тайван байна. Бид энэ сарын 17-23-нд Испанийн Мадрид хотноо Өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргад оролцоно. Үүний дараа хүүхдийн зургадугаар их наадам болно. Бүх тэмцээнүүдэд алгасалгүй орохыг хичээж байгаа.

-Испани руу явахад мэдээж багагүй зардал гарах байх. Зардлаа өөрсдөө гаргаж байгаа юу, эсвэл?

-Тиймээ өөрсдөө хувиасаа гаргаж явна.

-Байт харваагаар гурван жил хичээллэж байгаагийн хувьд давуу талыг нь юу гэж харж байгаа  вэ?

-Спорт хүнийг зөв хүн болгодог гэж багш маань хэлдэг. Үүнтэй санал нийлдэг. Байт харвааны хувьд тэвчээртэй, бие бялдрын зөв хөгжилтэй болгодог. Ямар ч спортоор хичээллэдэг хүн тууштай л байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс би байт харваандаа тууштай байж, цаашид үндэсний шигшээ багт багтах зорилгыг өөртөө тавьсан. Түүний дараа олон улсын чанартай тэмцээнүүдэд болон олимпод эх орноо төлөөлөн оролцох мөрөөдөлтэй.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН - 202.55.191.2052019-08-08 13:15:50

спортын мастер болох онооны шалгуураа өндөр болгоочээ наад оноо чинь тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтын хаана явнаа мэдээж 60 чавганц уралдахаар нэг нь түрүүлээд энэ оноогоо л оночихоод мастер болоод тамирчид чинь ханачихаад байнаш дээ юм бодооч шал тэнэг юм ярих юмаа

гайх - 202.9.42.1682019-08-08 12:42:21

үнэлгээ үнэлэмж нь хѳнгѳн юм байнаа. Шалгуураа ѳсгѳѳчээ

зочин - 202.55.191.1302019-08-08 12:05:38

1987 оноос хойш жил бүр 4-15 мастер төрсөн юм бол яагаад олимп дэлхийн аварга гарч ирэхгүй байна, наад мастерынхаа босгыг өндөрсгөх хэрэгтэй юм байна даа !!!!!

Нэг зэрэг хүүхэд төрүүлсэн юм байх гэж бодлоо - 202.21.100.2102019-08-08 11:47:11

Кккккк