Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан баг ЛЕНИН оргилд гарлаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны Мэргэжлийн зөвлөлийн дарга, Г.Өсөхбаяр, МУҮХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, уулын спортын ОУХМ Д.Эрдэнэтогтох, МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Б.Онон нар Киргизстан, Тажикстаны хил дээр орших Ленин (7134м) оргилд амжилттай авирлаа. 

Манай уулчид долдугаар сард Памирын нурууны Коммунизма (7495 м), Корженевской (7105 м) оргилуудад авирахаар Монголоос хөдөлсөн юм. Гэвч Тажикстаны Засгийн газрын эзэмшлийн цорын ганц нисдэг тэрэг эвдэрч, бааз руу очих боломжгүй болсон тул энэ авиралтаа цуцалж, Ленин оргилыг зорьжээ. 

Уулчдын баг хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 5-нд Памирын нурууны ЛЕНИН оргилд амжилттай авирсан талаараа мэдээллээ. Уулчдын энэ удаагийн авиралт, авиралтын өмнөх бэлтгэл сургуулилтыг "Мандар" группийн Ерөнхий захирал Б.Батмагнай, "Таван толгой" ХК ивээн тэтгэж, баг тамирчдыг дэмжжээ. 

Монголын уулчид ийнхүү "Снежный барс" хөтөлбөрт амжилттай нэгдлээ. 

"Снежный барс" хөтөлбөр нь хуучин ЗХУ-ын үеэс бий болсон уулчдын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Пик Победы (7439м), Памирын нурууны Исмоила Сомони буюу Коммунизм (7495м), Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд багтдаг. 

Эх газрын хамгийн хойд захын 7000 метрээс өндөрт өргөгдсөн эдгээр таван оргилыг эзэлсэн уулчинд "Цасны барс" цол олгодог байсан юм. 
 

Сэтгэгдэл бичих