Улаан цутгалан дээгүүр утас татаж алхана

Монголын циркийн нэвтэрхий толь номонд “Хамгийн өндөрт үзүүлбэр хийсэн” жүжигчин хэмээн тэмдэглэгдсэн уран бүтээлч М.Мягмарсайхан наймдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Улаан цутгалан хүрхрээн дээгүүр утсан дээгүүр явах гэж байна.

Тэрбээр энэ удаа 25 метрийн өндөрт 65 метр урт төмөр утсан дээгүүр алхаж тэнцвэрийн үзүүлбэр хийх юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн орчинд чанга утасны үзүүлбэр хийх гэж буй Монголд анхны тохиолдол юм. Түүний хийх үзүүлбэр тоглолтыг олон улсад “skywalk”, “highwire” хэмээн нэрлэдэг бөгөөд АНУ болон Швейцарьт түгээмэл хөгжжээ.

“The Walk” уран сайхны кинонд Филип Пети хэмээх уран бүтээлч АНУ-д дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр цамхагийн хооронд утас татаж алхаж буй тухай гардаг. Энэ бол бодит хүний тухай өгүүлсэн түүх бөгөөд тэрбээр өндөр утсан дээр үзүүлбэр хийдэг жүжигчдийн төлөөлөл билээ. 


М.Мягмарсайхан нь 2005 оноос хойш Швейцарийн жүжигчин, Гиннесийн 22 удаагийн амжилт эзэмшигч Фредди Ноктой хамтран уран бүтээл хийх болсноор өндөр утасны үзүүлбэр тоглодог болсон байна.

Улаан цутгалан хүрхрээн дээгүүр өндөр утсан дээр явах энэ үзүүлбэрийн аюулгүй ажиллагааг Циркийн сургуулийн багш Х.Ганболд, акробатчин А.Чүвсэнсэнгэ нар ахлан ханган ажиллах юм байна. 


М.Мягмарсайханы зарим амжилтыг дурдвал: 

- 2005 онд Швейцарь улсад 30 метрийн өндөрт хоёр краны хооронд 120 метр утсан дээр алхав.  Ингэхдээ шөнийн харанхуйд нуруундаа салют зүүж явсан байдаг.

- Мөн онд Германд циркийн орой дээрээс барилгын хооронд татсан өгсүүр 15-30 метрийн өндөртэй 40 метр замыг чанга утсан дээгүүр туулсан.

- 2006 онд Швейцарийн Цюрих хотод 25 метрийн өндөрт, цэнгэлдэх хүрээлэн дээгүүр хоёр краны хооронд алхсан.

- 2007 онд Швейцарьт 25 метрийн өндөртэй зоогийн газрын барилга дээгүүр хоёр краны хооронд алхсан. Энд мөн шөнийн харанхуйд нуруундаа салюттай алхаж, гэрлийн шоу хийсэн. 

- 2008 онд Швейцарийн Үйркхайм тосгоны захиргааны газрын барилгаас краны хооронд сүмийн дээгүүр 80 метрийн урттай 30 метрийн өндөрт явсан. 


Сэтгэгдэл бичих