Сонгуулийн жилийн төсвийн зарлагыг өмнөх жилээс 1.6 их наяд төгрөгөөр өсгөнө

Сонгуулийн жилийн төсвийгдаварч баталдаг жишиг манайд бий. Тиймээс 2020 оны сонгуулийг угтан эрх баригчид муу түүхээ давтах эрсдэл байгаа юм.  Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлээ дүгнэхдээ  сахилга бат сайжирсан гэж хэлсэн л дээ. Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа  тогтмол тодотгож ирсэн манай тухайд тодотгохгүй өнжиж байгаа нь таатай хэрэг ч эхлээд батлахдаа л алдагдлыг нь хоёр их наяд төгрөг шүргүүлчихээр агуулгын хувьд том зөрүү гарахгүй болов уу. Төсвийг тодотгоно гэдэг бол орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаагийн уршиг. Тодотгохгүйн тулд эхнээсээ зарлагаа хөөсрүүлж орж ирэх нь мөн л уршиг ихтэй асуудал.

Манай улс  2021, 2022 онд ихээхэн хэмжээний гадаад бондыг эргэн төлөх тул төсвийн зарлага, алдагдлын хэмжээг 2020 онд эрс бууруулах шаардлагатай байгааг эдийн засагчид, судлаачид сануулж байгаа. Харин үүнийг эрх баригчид бодлого, шийдвэртээ хэрхэн тусгах вэ гэдэг нь гол байна.

Тэгвэл Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд одоогоор ямар тоонууд тусгагдаад байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.

Нэгдсэн төсвийн алдагдал өсөж 2.1 их наяд төгрөг болно гэсэн төсөөлөл байна.

Төсвийн нийт зарлага өмнөх оноос 1.6 их наяд төгрөгөөр өсөх төлөвтэй.

Хөрөнгийн зарлага өмнөх оноос 250 тэрбум төгрөгөөр өснө.

Засгийн газраас нэгдсэн төсвийн алдагдлыг 2020 онд өндөр хэвээр буюу өмнөх оны түвшнээс нэмэгдэж 2.1 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Харин 2021 оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулж 1.3 их наяд төгрөг, 2022 онд 729 тэрбум төгрөг болохоор байна.

Засгийн газар 2021-2024 онд нийт 2.9 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасыг эргэн төлнө.

2021 онд 500 сая ам.долларын Мазаалай бонд

 2022 онд 1 тэрбум ам.долларын Чингис бонд

2023 онд 600 сая ам.долларын Хуралдай бонд

 2024 онд 800 сая ам.долларын Гэрэгэ бонд

Төсвийн нийт зарлага 2020 онд өмнөх оноос их хэмжээгээр буюу 1.6 их наяд төгрөгөөр өсөхөөр байна. Харин 2021 онд төсвийн зарлага өмнөх оноос зөвхөн 136 тэрбум төгрөгөөр, 2022 онд өмнөх оноос 304 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж.

2020 онд хөрөнгийн зарлага өмнөх оноос 250 тэрбум төгрөгөөр өсөж 3.4 их наяд төгрөг байхаар төлөвлөгджээ. Харин 2021  оноос буурч 2.9 их наяд төгрөг байхаар тусгагджээ.

Тэгэхээр эдгээр тоонуудаас харахад сонгуулийн жилийн буюу 2020 оны төсвийг эрх баригчид хоёр  их наяд төгрөгөөс давуулан, төсвийн алдагдлаа өсгөн байж батлах дүр зураг харагдаж байна.

Сэтгэгдэл бичих