"Их хурд-8": Уяач Т.Галбадрахын бор түрүү магнай боллоо

Монголын морин спортын уяачдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  

Энэ удаагийн “Их хурд” наадам нь морьтны соёлын бүхий л үнэт зүйл болох Адуучин тэмцээн, айрагны баяр, Гийнгоо марзайн улсын уралдаан, сайхан хос морьтны тэмцээн, жороо морины уралдаан, хуйрнан шуугигч хүүхдийн барилдаан, нутаг тутгийн сайхан айраг шалгаруулах “Айраг фестиваль”, шашны зан үйл зэрэг олон төрлөөр өргөн дэлгэр наадам болж байгаа юм.

Өнөөдөр Их хурд наадам их насны морьдын уралдаанаар үргэлжилж 49 хурдан ажнай хүлэг 22 км-ийн зайд шандас юугаа сорьсон юм.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнай,

Завахан аймгийн Завханмандал сумын харъяат Ц.Мөнххуягийн цавьдар аман хүзүү, 

Булган аймгийн Могод сумын харъяат МУМУ Ц.Цэнгэл хүрэн айргийн гурав,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан айргийн дөрөв,

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат, Нийслэлийн алдарт уяач О.Рэнчинжүгдэрийн бор айргийн тавд хурдалж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгалаа.

Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 112.72.11.1142019-07-21 15:16:39

Начинаа батласан юм шиг л болждээ. Аргагүй хурдан хүлэг юмаа.