Ерөнхийлөгчийн саналтай ердийн "биш" долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.


Улс төрд

Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 16-нд УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэрбээр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн зүйл заалтыг засах санал оруулсан юм Тухайлбал,

  • ·   УИХ-ын гишүүдийн тоо 108, бүрэн эрх нь таван жил байх
  • ·         Байгалийн баялаг -Төрийн өмч гэдэг үгийг Нийтийн өмч болгох
  • ·         Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах бол гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь зардлаа гаргана. Ашгийн 51 хувь нь Монгол Улсад үлдэх ёстой гэсэн хязгаарлалт оруулах
  • ·         Шүүхийн сахилгын хороо гэдэг шинэ байгууллага байгуулах
  • ·         Дээд шүүгчийг бүх насаар нь томилдог болох
  • ·         Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байх
  • ·         Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох
  • ·         “Хот” гэдэг үг одоогийн Үндсэн хуульд оруулах,
  • ·         Сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болох зэрэг саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналаа өргөн барьсан билээ.


Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хэлэлцээд, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин МАН-ын бүлэг төслийг судлах шаардлагатайгаас гадна төслийн талаар ард иргэдээс асууж санал авах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ.


Мөн Засгийн газар дээрх саналыг хэлэлцээд, Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг саналыг хүргүүлэхээр болсон юм.  Улмаар энэ асуудалд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж УИХ-аас үзэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.


Нийгэмд


                                       Түрээсийн орон сууцны цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ


Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл ирэх даваа гаригт буюу долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан. Бид долоодугаар сарын 22-ноос түрээсийн орон сууцын цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлэн болоод байна.

Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй бүртгэх юм. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлснээрээ хамрагдах уу гэж их асууж байна. Хамгийн гол нь гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаандаа багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг  http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ” гэв.


                          “Замын цагдаа нар минь эрүүл мэндээ л хайрлаж ажиллаарай


Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг "Бид мартахгүй" өдөрлөг долоодугаар сарын 17-нд боллоо. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Цэрэннадмид "Бид 1972 онд замын хөдөлгөөн бараг л  байгаагүй гэсэн төсөөлөлтэй байдаг. Тийм үед л замын хөдөлгөөн зохицуулж байхдаа амь насаа алдсан. Би өдөр бүр замын хөдөлгөөнд оролцохдоо энэ талаар бодож, яс махандаа тултал мэдэрч, цагдаа нарын өмнөөс айж шимширдэг. Энэ олон автомашины хөдөлгөөнийг зохицуулж байгаа замын цагдаагийн албаныхандаа захиж хэлэхэд, хэдий та нар минь эх орондоо тангараг өргөсөн ч гэсэн амь нас, эрүүл мэндээ л хайрлаж ажиллаарай" гэлээ.


Дэлхийд


                             Европын холбоо Туркийн эсрэг хориг арга хэмжээ авна


Европын холбоо Киприйн эдийн засгийн онцгой бүсэд хууль бусаар өрөмдлөг хийж эхэлсэн Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах болсон тухай тус холбооны 28 гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын Брюсселд болсон хуралдааны дараа мэдэгджээ.


Хуралдаанаас гаргасан мэдэгдэлд, “Туркийн тал улс Газрын дундад тэнгис дэхь тусгаар тогтносон Кипр улсын эдийн засгийн онцгой бүсэд хууль бус өрөмдлөгийг үргэлжлүүлж буйг харгалзаж үзэн Европын холбоо тус улстай агаарын тээвэрлэлтийн тухай гэрээ байгуулах болон бүх талын дээд хэмжээний хэлэлцээ хийхийг зогсоохоор шийдвэрлэлээ.


                                       Перугийн экс ерөнхийлөгчийг баривчлав


Перугийн экс ерөнхийлөгч Алехандро Толедог АНУ-д баривчилж, эх оронд нь шилжүүлэхээр болжээ.

2001-2006 онд Перу улсын ерөнхийлөгчийн албыг хашсан Толедог өчигдөр Калифорни мужийн хойд хэсгээс баривчилсан байна. Түүнийг ерөнхийлөгч байх хугацаандаа Бразилын барилгын Odebrecht компаниас $20 саяын авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Odebrecht компани нь ганц Перугаар зогсохгүй, Латин Америкийн олон оронд төсөл хэрэгжүүлэхдээ нийт $800 саяыг албан тушаалтнуудад хээл хахууль болгон өгснөө хүлээн зөвшөөрч байжээ.


                                                                                                                                                                                   Г.Хулан


Сэтгэгдэл бичих