Монгол улсын анхны үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулав

“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ахиц дэвшил гаргахад юуг анхаарах талаар улс орнууд Үндэсний сайн дурын илтгэлээ бэлдэн “Тогтвортой хөгжлийн өндөр түвшний чуулга уулзалт”-аар танилцуулдаг билээ. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар захирамжаар Монгол Улсаас танилцуулах Үндэсний сайн дурын илтгэлийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн даргаар Үндэсний хөгжлийн дарга Б.Баярсайхан ажиллаж, Монгол Улсын анхны Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулж, батлуулсан.

ҮСДИ Монгол хэл дээр – http://nda.gov.mn/backend/files

ҮСДИ Англи хэл дээр – http://nda.gov.mn/backend

2019 онд Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулах 47 улсын нэг нь Монгол Улс байсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон хуваарийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Тогтвортой хөгжлийн өндөр түвшний чуулга уулзалт”-ын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын анхны Үндэсний сайн дурын  илтгэлийг дэлхийн улс орнуудад танилцууллаа.

Тэрээр уг илтгэлдээ Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглэж, Монгол улс тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий цогц зорилгуудыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд Монгол улсад тулгарч байгааг дурдлаа. Эдгээр хүндрэл бэрхшээлийг  шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талуудын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцлов.

Сэтгэгдэл бичих