"Баярын өдрүүдэд 15 хүн усанд осолдож амиа алдсан"

Онцгой байдлын байгууллагаас баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан тухай болон үер, усны осол, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийлээ. 

Үндэсний их баяр наадмын үеэр буюу долоодугаар сарын 10-15-нд төв болон орон нутгийн давхардсан тоогоор 5272 алба хаагч аюулт үзэгдэл ослын 34, объектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн 59 удаагийн дуудлагаар ажиллажээ.

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн:

 Баяр наадмын өдрүүдэд гал түймрийн 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ.

Онцгой байдлын газарт зун цагт ирж буй нийт дуудлагын 90 орчим хувийг усны ослын дуудлага эзэлдэг. Баярын амралтын өдрүүдэд 15 хүн усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Голын эрэг дагуу нутаглаж байгаа иргэд сонор сэрэмжтэй байх, эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал боломжоо өндөрсгөх хэрэгтэй байна.

Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

 Сэлэнгэ аймагт зургаан ой хээрийн түймэрт онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар дахин нэмэлт хүч илгээхээр болсон. 

Тиймээс ойн сан бүхий газруудаар амарч зугаалж байгаа иргэд ил задгай гал түлэхгүй байх болон гал алдаж болзошгүй нөхцөл байдал үүсгэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: 

Ойрын өдрүүдэд усархаг бороо орж, гол ус үерлэсэн байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг дахин сануулж байна. Нийслэлд 9 дэх жилдээ завьт эргүүлийг ажиллуулж байна. 

Мөн хөдөө хол замд гарах гэж байгаа бол автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай гүүр, гармаар зорчих, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа өндөрсгөнө үү. 

Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сэрэмжлүүлэг зурвас илгээх, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байршуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ төрлийн осол гарахад иргэдийн өөрсдийн анхаарал болгоомж, хайхрамжгүй байдал нөлөөлж байна.

Сэтгэгдэл бичих