Европын холбоо Туркийн эсрэг хориг хэмжээ авна

Европын холбоо Киприйн эдийн засгийн онцгой бүсэд хууль бусаар өрөмдлөг хийж эхэлсэн Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах болсон тухай тус холбооны 28 гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын Брюсселд болсон хуралдааны дараа мэдэгджээ.

Хуралдаанаас гаргасан мэдэгдэлд, “Туркийн тал улс Газрын дундад тэнгис дэх тусгаар тогтносон Кипр улсын эдийн засгийн онгой бүсэд хууль бус өрөмдлөгийг үргэлжлүүлж буйг харгалзаж үзэн Европын холбоо тус улстай агаарын тээвэрлэлтийн тухай гэрээ байгуулах болон бүх талын дээд хэмжээний хэлэлцээ хийхийг зогсоохоор шийдвэрлэлээ. Үүнээс гадна 2020 онд Туркт 2020 онд үзүүлэх буцалтгүй тусламжийг хорогдуулах тухай Еврокомиссийн саналыг дэмжихийн сацуу Европын хөрөнгө оруулалтын банкнаас Туркийн талаар баримталдаг зээлийн бодлогыг эргэн харах болно” гэжээ.

Киприйн тусгай эдийн засгийн бүсэд 2011 онд 140 тэрбум шоо метрийн нөөцтэй байгалийн хийн “Афродита” нэр авсан орд илэрсэн аж. Турк Киприйн тусгай эдийн засгийн бүсийн зарим хэсгийг өөрийн газар нутаг гэж үздэг ба тус бүсэд өрөмдлөг хийхээр “Фатих” хөлөг онгоцыг илгээжээ. Киприйн тал зургадугаар сарын 10-нд тус хөлөг онгоцны багийг саатуулсан ч Турк өрөмдлөгийг үргэлжлүүлэхээр өөр хөлөг онгоц илгээсэн аж.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган мэдэгдэхдээ, “Афродита” орд газрыг эзэмших Киприйн турк иргэдийн тэгш эрхийг бүх талаар, үүний дотор зэвсэгт хүчний оролцоотойгоор хамгаална гэж мэдэгдсэн билээ.

Н.Түвшин  

 

Сэтгэгдэл бичих