Ирина Хакамада: Охин минь хүссэнээрээ амьдрах эрхтэй

–Заяа төөрөг гэдэг бол хүн өөрийнхөө гараар бүтээж бий болгодог хувь тавилан гэж Далай ламын хэлсэнтэй санал нэг байдаг улстөрч асан, бизнесийн сургагч багш тэрээр бэрхшээлийг хэрхэн давж туулахыг мэднэ, сургалтын дамжаандаа мөн үүнийг зааж сургадаг. Ер бусын гоц авьяастай хүүхэд, нөхөртэйгөө эрх чөлөөтэй харилцаж амьдардаг, мөн хямралыг хэрхэн давах зэргийн  өгүүлжээ–

 

Москва, Тюмень, Тбилиси, Новосибирск… Түүний сургалтад олон хүн оролцдог. Ирина Хакамадагийн лекцийг сонсдог олон янзын хүмүүс хэрхэн аз жаргалтай байх, хэрэггүй асуудлаас өөрийгөө холдуулах арга ухаанд суралцдаг. Туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагадаа тулгуурлан 64 настай энэ эмэгтэй сургалтын дамжааны хөтөлбөрөө боловсруулжээ. Түүний туршлага ямар вэ? Хүүхэд насны хүнд бэрх он жилүүд, гурван удаагийн гэр бүл салалт, охинд нь тохиолдсон өвчин зовлон … Тэрээр “СтарХит”-ийн сэтгүүлчтэй ярилцахдаа онцгой хүүхдэд хандах хандлага, улс төрөөс коучинг рүү шилжсэн учир шалтгаан зэргээ хуваалцжээ.

 

“Би чангаанзанд дургүй, мөхөөлдөс илүү амттай”

 

–Ирина, та бол өнгөрснөө санагалзаж амьдардаг хүн биш гэдгийг мэднэ. Гэсэн хэдий ч өөрийн эрхгүй танд эргэж санагдуулдаг цаг мөч бий болов уу? Үе тэнгийнхэн чинь таныг дээрэлхэж шоглодог байсан тухай олонтоо сонссон юм байна… Үр дүн нь юу болж дууссан бэ? Бүгдийнх нь амыг тагласан байх гэж бодож байна!

-Карпатад пионерийн зусланд амарч байхад хүүхдүүд намайг гадуурхан дээрэлхдэг байсныг санаж байна. Хавчиж, бас ядарч,  өвдөөд хэвтэхэд минь баашиллаа гээд, хоолой өвдөөд орондоо хөглөрч байгааг минь харж шалгахаар над руу ирж, тэгснээ бүр ор сураггүй алга болцгоож байсан… Олон жил улиран өнгөрлөө. 90-ээд онд би хоршоологч болж, нэг пүүс удирдаж байсан юм. Нэг удаа машинтай явж байгаад талх авахаар талхны дэлгүүрт орлоо. Тэгсэн чинь кассын машины ард намайг гадуурхан дооглож байсан хөвгүүдийн нэг нь зогсож байхыг харлаа. Намайг тэр анзаарч харснаа “Ухаан алдмаар!” хэмээн арай чүү дуу алдсан даа. 6-14 хүртэлх хүүхэд насаа би зусланд л өнгөрүүлсэн. Армид алба хаасан юм шиг гэж хэлж болох юм, гэхдээ олж авсан тэсвэр хатуужлынхаа үрээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн шүү.

-Яриа эхлэхийн өмнө таныг бөөгийн ном зохиол уншдаг гэж туслагч нар чинь хэлсэн …

-“Бөөгийн том судар” (Большая книга шамана) нэртэй эрдэм шинжилгээний бүтээл. Олон бүгд найрамдах улсад түгээмэл тархсан болохоор энэ төрлийн шашны учир начрыг ахиухан олж мэдэхийг хүссэн юм. Одоохондоо Норвегийн кинонуудаас олж авсан ерөнхий мэдлэгийн хэмжээнд л байх шив дээ.

-Ер нь сүнстэй харилцах чадвар бүхий хүмүүстэй уулзаж ярилцаж байсан тохиол бий юү?

-Тийм хүмүүсийг сэтгүүлчийн юм уу, эсвэл эрдэмтний нүдээр харвал сонин байх. Одоохондоо ийм учрал тохиогоогүй. Зөн билигтэн, мэргэч төлгөч нар дээр зарчмын хувьд огт очдоггүй, ирээдүйнхээ талаар бусдын амнаас сонсохыг хүсдэггүй юм. Харин өөрөө төсөөлж таамагладаг.

 

“Амьдралд хүнд хэцүү цаг мөч (хуй салхихэзээ тохиолдохыг таах аргагүй, нөхцөл байдал хэрхэхийг хэн ч мэдэхгүй…”

-Тэгвэл зурхайд итгэдэг үү? Одоо олон хүн зурхайд ханддаг болж, жишээлбэл, хэнтэй харилцаа тогтоовол сайн гэдгээ ухаарч ойлгох гэж.

-Огт тоодоггүй! Сул дорой хүн л гол төлөв гаднаас тусламж аврал эрж хайдаг гэдгийг харин мэднэ. Хүн ер нь хүчтэй байх тусмаа илүү сайн хөгжиж, мэргэч төлгөч хүний үгэнд биш харин өөртөө итгэдэг. Заяа төөрөг гэдэг бол хүн өөрийнхөө гараар бүтээж бий болгодог хувь тавилан гэж Далай ламын хэлсэнтэй би санал нэг байдаг.

-Дашрамд асуухад, таны охин Маша ямар нэг хосгүй авьяас чадвартай, гараараа илбэдэн ховсдож, гай түйтгэрийг арилгадаг талаар уншсан юм байна.

-Гоц содон авьяас билиг түүнд заяасан! Орон зайн мэдээлэл, эрчим хүчийг огт санаандгүйгээр ямар нэг байдлаар тэр өөртөө олж авдаг. Нэг удаа бид Монакогоос Канн руу ёслолын буудлагатай концерт үзэхээр явж байсан юм. Тэр концертод Машагийн өөрөө бие дааж маш сайн бүжиглэж сурсан бэлхүүсний бүжгийн тоглолт бас байсан юм. Гэтэл бид битүү бөглөрөөнд орчихсон, концертод амжиж очихгүй шинжтэй болсон. Тэгээд би “Жаахан хоцрох л биз, сандрах хэрэггүй, тэр бүжгийн тоглолтыг үзэж амжина” гэлээ. Тэгсэн чинь Маша арын суудлаас урагш бөхийж хоёр гараа урагш сунгаад таг чиг болчихов. Би юу болж байгааг ч сайн ойлгосонгүй, тэгсэн чинь таван минутын дараа зам үнэхээр чөлөөтэй болчихсон шүү.

-Гайхмаар юм! Тийм болоод л та янз бүрийн хар цагаан хэл аманд өртдөггүй байх. Одоо ч бүгд л бие биеэсээ илүү дээр гарах гэж хүсч тэмүүлдэг, бусдад гайхуулах гэж хичээдэг болцгоож дээ. Энэ талаар та юу боддог вэ?

-Ер нь хайп трендээс юугаараа ялгаатай вэ? Утгын загвар талаас нь авч үзвэл суурь ач холбогдлоороо тренд илүү удаан оршдог. Жишээ нь, тоон тренд, интернет сэтгүүл зүйн хөгжил, альтернатив телеизийн үүсэл… Тренд бас тэгээд бусад олон урсгал багтаж орсон суурь матрицтай. Стрит-фэшнийг авч үзвэл нэгдүгээрт, хүйсийн ялгаа энд өнгөрсөн үед үлдэнэ. Хоёрдугаарт, ард түмний эдийн засгийн орлого унах боловч хүмүүс хямд төсөр ч гэсэн гоё сайхан харагдахыг хүснэ. Гэхдээ өдөр тутам, эсвэл аялал жуулчлалаар явах үед тансаглал тийм ч зохимжтой биш. Шалтгаан-үр дагаврын суурь уялдаа холбоо байдаггүйгээрээ хайп ялгардаг. Олон хүн, ялангуяа хар муу зүйлийг тэр даруй анзаардаг нүд ирмэх зуурын сэтгэл санааны байдлыг тэрээр илэрхийлдэг. Дараа нь бүх зүйл ул мөргүй алга болдог. Урлагт үүсч бий болсон өөр нэг хайпыг дуулиангүй хайп гэж нэрлэдэг. Энэ бол охид, хөвгүүд ямар нэг альтернатив санааг уянгалаг яруу сайхан аялгуугаар илэрхийлэн дуулж бүгдийн гайхшийг бардаг. Үүний тод жишээ бол Земфира – энэ бол соёлын тренд. Гэхдээ энэ тренд маш олон жижиг трендийг төрүүлж бий болгосон. Би бол зөвхөн эерэг сайн талыг барьж ажилладаг, хүмүүст тус дэм болох, тэднийг илүү бие даасан тусгаар болгох, ялангуяа дуулиан шуугианаас хамааралгүй болгох санаа надад байдаг юм.

-Тайзан дээр, эсвэл нийтийн өмнө үг хэлж байхдаа та инээмсэглэж, танаас гайхмаар зөв сайхан эрчим хүч (энерги)ялгарч байгаа нь мэдрэгддэг. Харин ямар үед хорон муу үйл хийх хэрэг гардаг вэ?

-Ер нь хэзээ ч үгүй шүү. Энэ чинь тэгээд айхтар уур хилэн биз дээ! Мэдээж, бухимдаж цухалдах мөч гаралгүй яах вэ. Жишээ нь, эмэгтэйчүүд, эсвэл эрэгтэйчүүдийн зүгээс гутмаар шившигтэй зүйл хийж байгаатай таарвал хэсэгхэн хугацаанд ч гэсэн, гэхдээ өөрийгөө жолоодох чадвараа алдалгүйгээр уурлаж шатах үе бий.

Хориглохыг зогсоо!.  Энэ бол  хүмүүжлийн талаар Иринагийн баримталдаг зарчмын нэг.

– Аальгүйтдэг үү?

-Ёстой тийм зан надад угаасаа байхгүй, ийм байх нь нэг бодлын тун тусгүй юм шиг! Огт цамаан биш байх нь бүдүүн бараг хүч чадалтай бие хүний дүр төрхийг бий болгодог бололтой. Өдөржин хайж, өчнөөн ажил болж байж чангаанз авчирч өгөхөд өөдөөс нь “Би чангаанзанд дургүй, мөхөөлдөс илүү амттай!” гэх нь зарим хүнд өөрт нь тун тааламжтай байдаг юм билээ.

 

“Би бол аз жаргалтай эмээ”

 

-Та гэр орондоо тогтохгүй байнга л ийш тийш явдаг хүн. Гэр бүлийн харилцаанд хэр нөлөөлдөг вэ?

-Бидний хувьд дажгүй шүү! Володя бид хоёр 23 жил чөлөөт гэр бүлийн байдлаар амьдарч байна. Байнга бие биенээсээ хол байгаад байдаггүй л дээ. Хамтдаа амарч, баяр ёслол тэмдэглэдэг. Шинэ жилийг тухайлбал. Яаж тэмдэглэдэг вэ гэж үү? Жишээ нь, бүх нийтийн дурлагсдын өдөртэй бидний хуримласан өдөр давхцдаг болохоор оройн хоол зохион байгуулдаг.

-Ийм маягаар (форматаар) урт удаан амьдрах хос тэр бүрий ховор байх. Та нарт хямрах үе гарч байсан уу?

-Мэдээж! Хуурч мэхэлсэнтэй холбоотой хямрал гарч байсан, гэхдээ хэн ч, юутай ч тэмцэлдээгүй, зүгээр л чөлөөт хэв маягаар амьдрахаар тохиролцсон.

– Гэр бүлийн төсөв бас “чөлөөт” үү?

-Эхэндээ хамтын байж байгаад дараа нь тус тусын болгосон. Хэн нь хэр зэрэг мөнгө олж байгаа нь бидэнд хамаагүй болсон. Улс төрөөс холдсоны дараа Володя удаан хугацааны турш надад тусалж байсан, харин одоо миний ээлж ирсэн. Тэр маань гайгүй сайн IT компанийн түнш удирдагч болсон.

-Бие биедээ гэнэтийн бэлэг (сюрприз) барьдаг уу?

-Боломжоороо. Жишээлбэл, нэг удаа бид Францын өмнөд нутгаар аялж явах үед Володя ойрхон хаашаа ч юм бэ нэг газар руу ганц хоногоор яваад ирэхийг санал болгосон юм. Машинаар салхи татуулж давхиад л байсан, нүдний өмнө өндөр уулс харагдаад л. “Аль зүгт явж байна?” гэж намайг асуухад нөхөр маань “Одоохон, чи өөрөө харнаа!” гэлээ. Нэг мэдэхэд зах хязгааргүй хөхрөн цэнхэртэх шимтэглэй цэцгийн (лавандын) талбай руу ороод явчихсан, цэцгэн далайд сэлж яваа юм шиг л сэтгэгдэл надад төрсөн. Дараа нь бид явганаар гэгээн Мариягийн дурсгалд зориулан босгосон сүм хүртэл алхсан. Замдаа Володя “Санаж байгаа биз дээ?” гэж асуухад нь анх танилцсан жилээ бид энд хамт өнгөрүүлснээ гэв гэнэт санасан!

 

Чөлөөт гэр бүлийн хэв маяг сонгосноо Хакамада нуудаггүй

-Танай гэр бүлд элдэв зөрчил огт байдаггүй юм шиг сэтгэгдэл яагаад ч юм надад төрөх юм.

-Зөрчил заримдаа, гол төлөв түүхийн ямар нэг асуудлаар үзэл бодол нийлэхгүйгээс болж гарна. Би удаан тэвчдэг, тэгээд сүүлдээ тэсэхээ больж “Ямар чөтгөрөө гэж!”  гээд л орилж гарна. Володя харин “Интернетэд ороод уншиж, шалга л даа!” гэнэ. Гэхдээ эвлэрэхдээ бид харин нэг их уддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Заримдаа хөөрхий Машад ч бас хааяа аашаа гаргана. Хүүхдүүд л болсон хойно, бодит байдлыг биднээс өөрөөр л хүлээж авна шүү дээ. Буруу зөрүү юм ярихаар нь цухалдаж “Маш, тэнэгтэхээ болиоч дээ! Чи чинь ухаантай шүү дээ!  Бодол санаагаа цэгцлээч!” гэж аашилна. Нэг удаа охин маань гоц сайхан хариулт өгсөн юм. Миний үглэхийг хүлээж аваад дараа нь “Ингэх хэрэггүй л байсан юм даа! Миний хэрэг гарах цаг ирнэ” гэж билээ.

-Хошигнох мэдрэмж сайн байна! Ааваасаа өвлөсөн байх даа? Найз эмэгтэйчүүд нөхрийг чинь жинхэнэ сайн хань гэж байнга магтдаг байх…

-Ийм магтаалын үгэнд би дургүй. Тийм сайн эрчүүд тэнгэрийн хаа нэгтээ байдаг л байх. Гэхдээ би өөр зүйл хэлье. Володя бол миний хувьд хамгийн сайн сонголт, яагаад гэвэл би түүнтэй адил хэнээс ч хамаардаггүй бие хүн. Тэр бол надаар цаг үргэлж бахархдаг цорын ганц эр хүн. Шөнийн клубт хамтдаа очиход зарим залуу над руу гэнэт элдэв юм ярих үед тэр маань огт бухимдаж цухалдахгүй тайван байдаг. Володя тийм үед хамгаалагчийн дэргэд зүгээр тайван зогсч байдлыг ажигладаг. Нэг залуу “”Хэрвээ би таны нөхөр байсан бол аль хэдийн өөрийгөө боомилох байсан”  гэсэн. “Яагаад?” гэж би асуулаа. Харин тэр “Та төслүүдээ маш хурдан өөрчлөх юм. Тантай өрсөлдөх чадваргүйгээсээ болоод ямар ч хүн амиа хорлоно”  гэж хариуллаа. Би дуугүй байж чадсангүй.  “Хоёр бие хүн нийлж байж гэр бүл болдог, хоёулаа л хөгжих ёстой, аль алинд нь өөрийн гэсэн зам бий” гэсэн юм. Нөгөө залуу тийм байдаггүй гэж сөрсөн. Харин миний нөхрийн хувьд бүх юм болж л байгаа шүү дээ!

-Маша охины амжилт ямар байна?

-Тэр маань Hilton зочид буудлын захирлын нарийн бичгийн ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэр, ээлжийн амралт, цалин хөлс, дээр нь нэмээд сургалт… бүх юм ном ёсоороо. Маша сэтгэл хангалуун байгаа! Урьдын адил театрт тоглож, аялан тоглолтоор явж, коллежид сурч, усанд сэлэлтийн болон бүжгийн дугуйлангийн хичээлд явж байгаа.

-Маша өөрийнхөө Инстаграмд яагаад зураг, бичлэгээсээ бага оруулдаг юм бол? Та хориглодог юм уу?

-Би юуг ч хянадаггүй! Тэр өөрийнхөө хүссэнээр амьдрах эрхтэй. Огт хэрэггүй юм бичиж байгаа үгүйг л ажиглаж хардаг.

-Хааяа уйлна биз?

-Бусдын л адил, ямар нэг зүйл болж бүтэхгүй байх, эсвэл уянгын гунигтай хөгжим сонсох үед нулимс унагадаг. Саяхан нэг эмгэнэлтэй кино үзэж байснаа учир зүггүй уйлахад нь “Маша минь ээ, тайвшир, энэ чинь кино шүү дээ!” гэсэн. Охины минь мэдрэлийн систем, сэтгэл зүрх нь маш эмзэг, уяхан өрөвч гэсэн үг.

-Тавдугаар сарын эхээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Маша үерхдэг залуу Владаас хөндийрч, өөр шинэ найз залуутай болсон тухай бичсэн байсан…

-Хүүхдүүд харилцааг өөрөөр ойлгож хүлээж авдаг. Тэд гэр бүл болох, бэлгийн амьдралын нарийн утга учрыг тэр бүрий зөв сайн ухаарч ойлгодоггүй. Маша шиг олон залуус бусадтай найзлаж нөхөрлөх, хамтдаа кино үзвэр үзэх, бие биенийдээ зочлох, хаашаа ч юм амрахаар явах зэргийг хүсдэг… Хуримын тухай, хайр сэтгэлийн тухай ярихад тэдэнд тааламжтай байдаг. Нөгөөтэйгүүр, насанд хүрэгсдийн амьдралын жаргал зовлонгийн нарийн учрыг сайн ололгүйгээр том хүмүүсийн амьдралыг хуулбарлаж дуурайдаг. Үр хүүхдээ өглөө, үдэшгүй хорьж цагдалгүйгээр үеийнхээ нөхдийн дунд цагийг өнгөрүүлэх чөлөө завтай байлгахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

-Наташа Водяноватай хийсэн таны сүүлийн ярилцлагыг  уншсан. Эцэг эх мөнх биш, ямар нэгэн юм тохиолдоход Машаг ямар хувь тавилан хүлээж байгааг хэн ч мэдэхгүй талаар та маш уужуу тайван ярьсныг үзээд бахархсан шүү…

-Амьдралд хүнд хэцүү цаг мөч (хуй салхи) хэзээ тохиолдохыг таах аргагүй, нөхцөл байдал хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Би энэ талаар бодсон. Ямартай ч, түүний асрамжлагч нарт янз бүрийн асуудал бүү тохиолдоосой гээд сайн активт мөнгө хуримтлуулж байгаа. Гэхдээ охин маань дээрээ төрсөн ахтай л даа!

-Тэд өөр хоорондоо дотно сайн биз?

-Данил, Маша хоёр тийм ч ойр ойрхон уулзаад байдаггүй, хүү маань сүүлийн 10 жил байнга л томилолтоор явж байна, гэхдээ баяр ёслолын үеэр бие биедээ бэлэг сэлт солилцдог шүү. Данил үе залгамжлах гурван хүүхэдтэй болохоор охин дүүгээ гэх боломж түүнд бараг байхгүй. Зовлонгоо эдэлж яваа хүн!

-Ингэхэд таны ач, зээ нарын талаар Интернетэд ямар ч мэдээлэл байхгүй юм. Зориуд нуудаг юм уу?

-Би бол аз жаргалтай эмээ! Ач, зээ нар маань намайг асар их хайрлан хүндэлж, нэрээр минь дууддаг. Москвад амьдарч байхад долоо хоног бүр л уулзалддаг байсан, харин одоо хилийн чанадад байгаа болохоор уулзах давтамж цөөрсөн. Тэд заримдаа намайг, эсвэл би тэднийг эргэж очдог. Тэдэнтэй авахуулсан зургаа яагаад нийтэлдэггүй гэж үү? Хар цагаан хэл амнаас зайлуулж байгаа нь тэр. Хүний сайн нь олон л доо. Хар муу санаа тэдний маань тархи толгойг зовоохыг хүсдэггүй юм. Машагийн хувьд эрчим хүчний (энергийн) орон зай маш их, түүнд муу юм халдаж чадахгүй, харин ач, зээ нарынхаа төлөө санаа зовдог юм. Сүлжээнд миний зургийг харцгаа л даа, илүү сонирхолтой шүү дээ! Тийм биш гэж үү?

gogo.mn

Сэтгэгдэл бичих