Хомын талыг байгалийн цогцолборт газар болгов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан билээ.

Түүний дотор Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газар болгожээ. Тус газарт дэлхийд нэн ховордсон тахийг нутагшуулаад удаж буй. Тодруулбал, ”Хомын талын тахь” төрийн бус байгууллагын өсгөн үржүүлж буй тахь 68 бодгаль болжээ.
 
Хомын талын тахь төрийн бус байгууллагын ажилтнууд ажиглалт судалгааг жилийн дөрвөн улиралд хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж байгаа аж.
 
Анх 2004 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сээрийн нуруунд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэн авчирч нутагшуулж байна.

Харин Дөрвөлжин сумын Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих