Владимир Путин "Гүржийн эсрэг хориг арга хэмжээ авах шаардлагагүй" гэв

           Энэ сарын 7-нд Гүржийн “Рустави 2” телевизийн хөтлөгч Георгий Габуния шууд эфирт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг орос хэлний хамгийн муу муухай хараалын үгээр доромжлон “өмхий эзлэн түрэмгийлэгч” гэсний дараа Оросын Төрийн дум Гүржийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж эхэлсэн билээ.

Гэвч Владимир Путин Гүржийн ард түмнийг хүндлэн хориг арга хэмжээ авах шаардлагагүй гэж мэдэгджээ. Тэрээр түүнчлэн өөрийг нь доромжилсон сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт буруутгасны хэрэггүй гэсэн байна.

Георгий Габуниягийн үйлдлийг Орост төдийгүй Гүржид эрс буруушаасан бөгөөд Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили Москвад хандан “радикал хүчний өдөөн хатгалгыг үл ойшоохыг” уриалсан юм.

Өнгөрсөн сард Гүржийн нийслэл Тбилисид Олон улсын парламент хоорондын үнэн алдарт шашинтнуудын бага хурлын үеэр Оросын Төрийн думын гишүүн тус улсын парламентын даргын суудалд дур мэдэн сууж үг хэлсэн нь хоёр орны харилцааг эрс хурцатгаж, олон мянган хүн оролцсон үймээн өдөөсөн билээ.

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих