Хамтын хөрөнгө оруулалтын сан ажиллах боломж бүрдэнэ

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын төслийг эцэслэн боловсруулж Санхүүгийн зохицуулах хороонд батламжлуулахаар хүргүүлжээ. 

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд олон шинэ үнэт цаас амжилттай гарч, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж, зах зээл идэвхжихийн хэрээр зах зээлийн хөрвөх чадварыг хангах, тогтвортой байдлыг бий болгох асуудал тулгамдаж байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд буй. 

Тэгвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдгээрийн нэгж эрхийг Бирж бүртгэж, арилжааг зохион байгуулснаар хөрөнгө оруулагчид биржээр дамжуулан хамтын хөрөнгө оруулалтын сангуудад хөрөнгө оруулж, оновчтой удирдлагаар хангагдах давуу талтай бөгөөд дээрх журам батлагдвал энэхүү боломж нээгдэх юм. 

Иймд Монголын хөрөнгийн бирж “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын төслийг боловсуулсан ба 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр Хороо, “АТТ” ХХК, МҮЦАЭХ, үнэт цаасны гишүүн компаниуд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, дээрх байгууллагуудын саналыг бичгээр авч төсөлд тусгажээ. Түүнчлэн журмын төслийг сар гарангийн хугацаанд өөрийн цахим хуудаст байршуулж, олон нийт, зах зээл сонирхогчид, судлаачдын саналыг авч тусгасан байна. Уг журмыг Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Сэтгэгдэл бичих