Цэргийн ёслолын жагсаал эхлэв

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал одоо Сүхбаатарын талбайд болж байна.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долдугаар сарын 10-нд улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.

Анх 2009 оноос эхлэн энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж байгаа Төрийн далбааны өдөр 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөртэй давхцаж байв.

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн далбааны талаар доорх заалтууд багтсан байдаг.

12.1 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

12.2 Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

12.5 Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлаж байна.

Сэтгэгдэл бичих