Ажлын хэсгийнхэнд үүрэг, чиглэл өглөө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг өнөөдөр (2019.07.08) хуралдлаа.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын Дэд хэсгийнхэнд үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 6.1.2-т заасан байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, 28.2 буюу Улсын Их Хурлын хяналт, шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх,  улс төрийн намыг чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчим, Шүүгчийн хариуцлагын зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд хойшлуулсан саналуудыг ярилцаж, Ажлын дэд хэсгүүдийн хуралдаанаар нарийвчлан нухацтай хэлэлцэж, саналын томьёолол бэлтгэх чиглэл өглөө.

Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулна.

Ажлын дэд хэсгийн дөрөв дэх удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал,  Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Ц.Болормаа, референт Б.Золбоо нар оролцсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих