Ц.Батзориг хошой мэргэний болзол хангалаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор Урианхай сурын харваагаар эхэллээ. 

Бямба гарагт эхэлсэн Урианхай сурын харваанд энэ жил 178 харваач цэц мэргэнээ сорьсон нь оролцогчдын хувьд нэмэгдсэн үзүүлэлт болж байна. 

Урианхай сур нь зөвхөн эрчүүдийн наадам гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байнаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой наадам. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд тэргүүлсэн харваачид:

  1. Ховд аймаг, Мөнххайрхан сумын харьяат, улсын мэргэн, спортын мастер Ц.Батзориг 25 оноогоор тэргүүллээ. Тэрбээр 2013 онд 30 сум харваснаас 30-ууланд нь онож, дээд амжилт тогтоосон харваач юм. 
  2. Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Т.Одгэрэл
  3. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат З.Ариунбат шинээр спортын мастер цолны болзол хангав.
  4. Завхан аймгийн Тэс сумын харьяат улсын мэргэн Б.Хатансайхан.
  5. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, спортын мастер Б.Батбаатар.

Ц.Батзориг мэргэний хувьд хоёр дахь удаагаа түрүүлж, Урианхай сурын хошой мэргэн болсон бол энэ удаагийн хамгийн залуу тамирчин нь 16 настай Ц.Цэндбазар байлаа. Увс аймгийн Тэс сумын харьяат тэрбээр Үндэсний сурын харваач, даян мэргэн Д.Норжмаагийн хүү бөгөөд энэ удаагийн баяр наадмаар спортын дэд мастер цол хүртсэн байна. 

Сэтгэгдэл бичих