Италийн Наполид ХХХ Универсиад наадам эхэллээ


Италийн Наполи хотын “Сан Паоло” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр дэлхийн оюутан тамирчдын зуны ХХХ Универсиад наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Энэ удаагийн Универсиадад 170 орны найман мянган 18-25 насны оюутан тамирчид спортын 18 төрөлд 250 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монголын баг жүдо, таэквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, теннис, ширээний теннисийн 33 тамирчин, 13 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй Наполид хүрэлцэн иржээ. Манай тамирчид МОСХ-ны албан ёсны түнш Испанийн “Кельме” брэндийн иж бүрэн хувцас өмсөн жигдрэх юм байна. Манай улс 1960 оноос эхлэн 20 Универсиадад оролцохдоо спортын есөн төрлөөр 11 алт, 16 мөнгө, 26 хүрэл, нийт 53 медаль хүртэж байсан түүхтэй.

            ХХХ Универсиад энэ сарын 14-нд өндөрлөх ажээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих