Осака хот “Их 20”-ийн чуулга уулзалтыг аадар бороогоор угтлаа


Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 20 орны төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт Японы Осака хотод өнөөдөр эхэлж байна. “Их 20”-ийн удирдагчдыг Осака аадар бороогоор угтсан төдийгүй цаг уурчид үерийн аюулаас сэрэмжлүүлжээ. Тус уулзалтад орон орны 30 мянган хүн оролцох бөгөөд тэдний аюулгүй байдлыг 30 мянган цагдаа хамгаалж байна.

Энэ жилийн “Их 20”-ийн чуулганд Австралийн Ерөнхий сайд Скотт Морисон, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Же Ин, Германы Канцлер Ангела Меркел, Европын Зөвлөлийн дарга Доналд Туск,  Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо, Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард, Саудын Арабын Хунтайж Мухаммед Ибн Салман Аль Сауд, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Хятадын дарга Ши Жинпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцохоор хүрэлцэн иржээ.

“Их 20”-ийн чуулганд түүнчлэн урилгаар Испани, Сингапур, Тайланд, Египет, Сенегал, Чили, Вьетнам, Нидерланд, НҮБ, Дэлхийн банк, ОУВС, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар дулаарал, агаарын бохирдол, интернетийн аюулгүй байдал, чөлөөт худалдаа, цөмийн зэвсгийн аюул зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх ажээ.

Б.Туг      

 

Сэтгэгдэл бичих