“Boeing 737 Max” онгоцонд шинэ доголдол илэрчээ

АНУ-ын Холбооны иргэний агаарын удирдах газар буюу FAA өнгөрсөн гуравдугаар сард нислэгийг нь хорьсон Boeing 737 Max” онгоцонд нислэгийг дуурайсан туршилт хийх үеэр шинэ доголдол илэрсэн тухай “Reuters агентлаг уламжиллаа. FAA яг ямар доголдол илэрснийг тодруулаагүй ч энэ нь онгоцны компьютерийн хүчин чадал, програм хангамжтай холбоотой бололтой.

Уг нь Boeing 737 Max” онгоцуудын нислэгийг ирэх долдугаар сард зөвшөөрөхөөр төлөвлөж байсан ч үүнээс үүдэн дахин тодорхой бус хугацаагаар хойшлуулахад хүрчээ. Ингэснээр, зуны амралтын ачаалалтай улирлын үед Boeing 737 Max”-ийг ашиглах нисэх компаниудын найдлага талаар өнгөрөх шинжтэй.

Өнгөрсөн гуравдугаар сард Этиопийн Дебре Зейт хотын ойролцоо ”Ethiopian Airlines” компанийн Boeing 737 Max” онгоц техникийн доголдлын улмаас сүйрч, бүхээгт нь байсан 157 хүн амь үрэгдсэн юм. 2018 оны арваннэгдүгээр сард Индонезийн ”Lion Air” компанийн мөн загварын онгоц онгоц ижил шалтгаанаар сүйрсэн билээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих