Цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг бүгдийг нь татан буулгажээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.26/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт хуулийн байгууллагын төлөөлөл болон эрүүдэн шүүхийн эсрэг төрийн бус байгууллагууд оролцлоо. Монголын хууль хяналтын байгууллагууд эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг сонсч, санал солилцож, зөвлөмж гаргах юм байна. Хэлэлцүүлийг УИХ-ын гишүүн Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээж үг хэлсэн бөгөөд хүний эрхийг хангах нь зөвхөн төрийн бус хүн бүрийн үүрэг бөгөөд төрийн бус байгууллагууд хамгийн нөлөө бүхий платформ болж чадна гэдгийг илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тавьсан. Тэрбээр “Өнөөдөр хүний хандлага өөрчлөлтийг өөрчлөхгүйгээр эрүү шүүлт дээр олон юм яриад ямар ч амжилтад хүрэхгүй гэдгийг ХЭҮК-ын 20 жилийн түүх харуулна. Өнгөрсөн хугацаанд бидэнд хууль болон хэрэгжүүлэгч нь байсан. Бид 2000 онд гэрээ конвенцид нэгдэн орсон юм бол үүнийг хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүү шүүлтийг олон хүн амаа цуцтал ярьсан. ХЭҮК-ын нэг сургалтад суусан хүн гурван жилийн дараа ажлаа солиод явчихдаг. Зарим прокурор, шүүгчтэй уулзаж, олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрд гэхээр дээд байгууллагаас заавар ирээгүй гэдэг. Хүний үгээр биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй” гэдгийг хэлж байв.

2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Эрүү шүүлт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хамгийн их байгааг албаныхан хэлж байлаа.

Харин Улсын хэмжээнд анхан шат 2006-2018 онд нийт 11 гэмт хэргийг хянан шийдвэрлэж, 13 хүнд ял шийтгэл оногдуулжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд мөрдөн шалгах явцад нийтдээ есөн удаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой гомдол Хяналтын шатны шүүхэд иржээ. Тухайлбал, Хяналтын шатны шүүхээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2017 онд цагдаагийн хэсгийн төлөөлөгч хохирогч нарт хүч хэрэглэх, хүний халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг шийдэгдсэн байна. Энэхүү хэрэгт холбогдогчийг цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилийн хугацаанд хорих ял оноосон байна. Түүнээс гадна Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд Эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөл байгуулжээ. Энэхүү зөвлөл ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнд хорих ангийн 3000 гаруй сэжигтэн, яллагдагч нартай уулзаж, биед халдах, эрүүдэн шүүхтэй холбоотой 35 гомдлыг тогтоож, холбогдох байгууллагад шалгахыг үүрэг болгосон байна.

Мөн эрүү шүүлт тусгах, эрүүдэн шүүхгүй байх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах, зөвлөмж, сургалт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч, хорих анги, баривчлан саатуулах газарт хяналтыг сайжруулах, цагдан хоригдсон этгээдийн өрөөг зөвшөөрөлгүй солих, цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг бүгдийг нь татан буулгажээ.

Сэтгэгдэл бичих