Г.Буяндорж гэгч хэн болох, түүний тухай үнэн баримтууд

Өнгөрч буй энэ долоо хоногийн турш Ноёд группын ноёныг эрэн сурвалжилсан сурвалжлаагүй, эндээс барилаа, тэгж саатууллаа, хийсэн хэрэг нь энэ, бас ийм гэх мэтчилэн хэвлэлээр дүүрэн Г.Буяндоржийн талаар шуугив. Улмаар Ноёд группээс мэдэгдэл гаргаж эзнийхээ талаар үүсээд байсан хэл ам хов живийг дарах гэж оролдлоо. Тэр мэдэгдэлд нэг айхавтар хүүхэн л Г.Буяндоржийг хийцлэх гээд яваа мэт бичжээ.

Гүнгэрэгжавын Буяндорж гэж хэн бэ. Бид түүний хийсэн ямар үйлийн лайгаар ямар гээч хэрэг түвэгт орооцолдоод явааг нь таамаглан, худал үнэн бичихээс татгалзлаа. Харин Буяндорж гэгч хэн бэ, тэр ямар замаар өдгөөгийн байр сууринд хүрсэн тухай өгүүлье.

Завхан аймгийн Сонгино сумын харьяат Гүнгэрэгжав гуайн найм дахь хүү болж төрсөн Буяндорж Зүүнхараад цагаан сарын өмнөхөн мэндэлсэн аж. Тиймээс түүнийг буянтай сайн болоосой хэмээн эцэг эх нь ийм нэрийг хайрлажээ.

Аав нь Улаан­баатар төмөр замд насаараа ажилласан бол, ээж нь 13 хүүхэд төрүүлж өсгөн, улсад олон жил ажиллажээ.

1-6 дугаар анги хүртлээ Зүүн­­­­хараа­­­даа сурч байгаад Сэлэнгэ аймгийн Бугант су­манд шил­жиж очин тэндээ арван жилээ дүүргээд 1990 онд Санхүү эдийн засгийн сур­гуулийн хуваарь авч элсэн суралцжээ. Дараа нь цаг­даа­гийн сур­гуульд орж хуульч, эдийн засагч мэргэжил эзэмш­сэн нэгэн. Олон хүмүүс түүнийг цагдаагийн офицер байсныг төдийлөн мэддэггүй. Г.Буяндорж нь сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад ажилд орж, нийгмийн олон салбарын хүмүүстэй харьцаж эхэлсэн гэдэг.

Зүүнхараадаа очиж 1996 он хүртэл цагдаагийн хэлтэст эдийн засгийн тө­лөөлөгчөөр ажиллаж ЦЕГ-ын ажил мэргэж­лийн аваргаар гурван ч удаа шалгарч байлаа. Цагдаагийн байгууллагын эдийн засгийн албаны тө­лөөлөгч гэдэг утгаараа сан­хүү, эдийн зас­гийн томчуудын хутгалдсан нарийн асуудлууд руу орж таньж мэдэж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрээр тухайн үед ху­римт­­луулсан мэдлэг турш­лага маань цаашдаа хувиараа эдийн засгийн салбарт орж ажиллахад асар их хэрэг болсон хэмээсэн байдаг. Магадгүй тэрхүү туршлага нь түүнийг одоогийн байр сууринд хүрэхэд нь сайнаар ч, муугаар ч нөлөө үзүүлсэн байж мэдэх.

1996 оноос нийгэм нь ч зах зээлийн системд идэвхтэй орж хүн болгон л хувийн аж ахуй эрхлэхээр төрийн ал­банаас гарч байсан тул Г.Буяндорж хамгийн түрүүнд ажлаа орхин бизнес эрхэлж эхэлжээ.

Тэр юуны түрүүнд Сэ­лэнгэ аймгийн хүнс­ний үйлд­вэр буюу Зүүнхараагийн спиртийн үйлдвэрийг худалдаж авсан. Зур­гаан жилийн дараа Дархан-Уул аймагт томоохон үйлдвэр байгуулснаар бизнес нь томорч эхэлжээ. Мөн энэ үеэс л түүний нэр хэвлэлүүдээр анх гарч эхэлсэн ба түүний бизнесийн хамтран зүтгэгч, Дархан дахь үйлдвэрийнх нь захирлаар ажиллаж байсан Эрдэнэбаатар гэгчтэй холбоотой шуугиан дэгдэж эхэлсэн. Эрдэнэбаатар нь Буяндоржийнхоо Дархан дахь үйлдвэрийг булаасан, Буяндорж Эрдэнэбаатарыгаа залилсан гэхчлэн янз янзаар бичигдэж байв. Одоо ч яригдсаар л байна. Сүүлд нь нэгэн хэвлэлд Г.Буяндорж “Миний байгуулсан Да Мон трейд” компанийн гүйцэт­гэх захир­лаар ажиллаж бай­сан Эрдэнэбаатарт өөрийнх нь саналын дагуу ярилцаж тохироод тухайн үед 750 сая төгрөг өгөөд гаргатал жилийн да­раа­гаас сонин хэвлэлээр янз бү­рийн юм цацаж миний нэр төрд халд­сан дайралтуудыг хийж эхэл­сэн. Гэтэл урдаас “Хэрвээ надад ахиад 500 сая төгрөг өгөхгүй бол би ингээд чиний нэр төр, бизнес бүх юмыг уна­гаж хаяна” гэж хэний ч санаанд багтамгүй шаардлага тавь­сан” хэмээх тайлбар өгсөн байдаг.

Бизнесийн хажуугаар тэрээр улстөрд хүч тавьж эхэлсэн нь тайлбаргүй шахам. 2001 онд МАН-д элссэн нь тухайн үед энэ намыг бараадсан бүхэн хөлжиж, бизнестэй нэгнийх нь бизнес цэцэглэж байсантай яалт ч үгүй далд холбоотой. Одоо тэрээр МАН-ын Бага хурлын гишүүн.

Улмаар Г.Буяндорж Зүүнхараагийн спиртийн үйлдвэрээ бизнесийн нэг түнш болох аварга А.Сүхбатад олон тэрбумаар зарсан байдаг. Энэ тухай хэвлэлүүдээр ямар ч бизнесийн мэдлэггүй аваргад өрний хүүдий болсон үйлдвэрээ ашигтай худалдчихлаа хэмээн бичиж ч байв...

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл бичих