НМХГ шуурхай мэдээллийн дагуу 10 ослын газарт ажилласан байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай мэдээллийн албанд ирүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас үрэгдсэн, хүнд гэмтсэн, бүлэг осол гарсан талаарх дуудлага мэдээллийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид шуурхай дуудлагаар ослын газарт ажиллаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас гарсан нийт 107 ослын газарт ажилласаны 48 буюу 44,8 хувь нь барилгын, 6 буюу 5,6 хувь нь эрчим хүчний, 22 буюу 20,5 хувь нь уул уурхайн, 16 буюу 14,9 хувь нь хөнгөн хүнсний, 10 буюу 9,3 хувь нь бусад салбаруудад гарсан байна.

2019 оны 2 дугаар улирлын байдлаар шуурхай мэдээллийн дагуу 10 ослын газарт ажилласан бөгөөд уг ослуудад 15 хүн өртсөн байна. Үүнээс барилгын салбарт 4 осол гарч 5 хүн өртсөнөөс 5 гэмтсэн, уул уурхай салбарт 4 осол гарч 8 хүн өртсөнөөс 8 нас барсан, бусад салбарт 2 осол гарч 2 хүн өртсөнөөс 2 хүн нас барсан байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад барилгын салбарын ослын тоо 2 тохиолдлоор буурсан, уул уурхайн салбарын осол 4 тохиолдлоор өссөн байна. Хүний амь нас эрсэдсэн ослын тохиолдол 6 тохиолдлоор өссөн, гэмтсэн тохиолдол 1 тохиолдлоор өссөн байна. Өөрөөр хэлбэл осолд өртсөн нийт хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 5-аар өссөн байгаа нь Налайх дүүргийн нүүрсний амуудад 2 удаагийн бүлэг ослуудад 6 хүний амь нас үрэгдсэн осол гарсантай холбоотой байна.

С.Жангар

Сэтгэгдэл бичих