Доналд Трамп Ираныг устгана гэж сүрдүүлжээ


            Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Иран АНУ-ыг ямар нэг байдлаар довтолбол асар хүчтэй хариу барьж устгана хэмээн сүрдүүлжээ.

            Тэрээр “Твиттер” хуудсандаа, “Иран АНУ-ын аливаа нэг объектыг довтолбол хариу нь асар хүчтэй байх болно. Ираны зарим салбарт энэ нь бүрэн устгалтай дүйцнэ. Ираны толгойг илсэн Жон Керри, Барак Обама нарын үе өнгөрсөн” гэж бичжээ.

            Үүнээс өмнө Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Вашингтон Ираны удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ зарласны дараа, “АНУ-ын удирдлагын ухаан балартаж, юу хийж буйгаа ухаарахаа больсон” гэж мэдэгдсэн билээ.

Энэ сарын 13-нд Оманы буланд АНУ-ын нефть тээвэрлэгч “Front Altair”, “Kokuka Courageous танкерууд халдлагад өртсөний дараа хоёр орны харилцаа эрс хурцадсан юм. АНУ халдлагыг Иран зохион байгуулсан гээд тус бүс нутаг дахь далайн тээврийн аюулгүй байдлыг хамгаалах болно гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Ираны агаараас хамгаалах хүчин АНУ-ын алсаас удирдлагатай нисгэгчгүй онгоцыг устгасан нь дайран дээр давс нэмжээ. АНУ онгоцыг олон улсын агаарын бүсэд нисч байсан гэсэн бол Иран агаарын хилийг нь зөрчсөн гэж тус тус мэдэгдсэн юм.

Б.Туг  

           

 

Сэтгэгдэл бичих