Элэгний В, Д вирусийн эсрэг шинэ эмийг танилцууллаа

Эрүүл мэндийн яамны санаачилгаар “Элэгний В, Д вирусийн эсрэг эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт семинар зохион байгууллаа. Семинарын үеэр ХБНГУ-ын Хейделбергийн их сургуулийн эрдэмтэн, Стефан Урбан элэгний В, Д вирусийн эсрэг “Myrcludex” хэмээх шинэ эмийг танилцуулав. Тэрбээр “Бид элэгний В, Д вирусийн үржлийн механизмыг 15 жил судалсан. Үүний үр дүнд вирусийн эсрэг “Myrcludex” хэмээх шинэ эмийг амжилттай бүтээлээ. Энэхүү эм нь элэгний эсийн гадаргуу дээрх NTCP рецептортой холбогдон вирусийг элэгний эс рүү нэвтрэхийг хориглох үйлчилгээтэй бөгөөд элэгний В, Д вирусийн хавсарсан халдварын үед эмчилгээний үр нөлөө өндөр, гаж нөлөөгүй, удаан хугацаанд хэрэглэж болох нь батлагдсан” гэв. Мөн “Myrcludex” эмэнд 2012 оноос хойш зургаан удаагийн эмнэлзүйн судалгаа хийж 300 орчим хүн эмчлэгдээд байгааг онцлов.


Уг семинарт Эрүүл мэндийн яам, АШУИС, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн төлөөлөл, эмч мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Я.Амаржаргал “Эрүүл мэндийн даатгалтай 860 гаруй мянган иргэн вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Үүнээс 10.6 хувь нь С вирусийн халдвартай 8.8 хувь нь В вирусийн халдвартай хэмээн оношлогдон, эмчилгээнд хамрагдсан байна. В, С вирусийн халдвар илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж иргэддээ үнэ төлбөргүй үйлчилж байгаа” гэлээ. Вирусийн халдвартай гэж оношлогдвол эмчилгээний бүтээгдэхүүнийг эмчийн заавраар, маш нарийн хяналтад ууж хэрэглэх нь вирус устаж, идэвхгүй болгодог байна. Иймд иргэд өрхийн эмнэлэгт шинжилгээ өгч, вирус илэрсэн тохиолдолд эмчилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байв.

Сэтгэгдэл бичих