“Никитон”-ы бүх цаг үеийн ШИЛДЭГ ТАВАН ДУУ

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн нэрийг тодоор тамгалсан “Никитон” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож буй. Хамтлагийнхан ойн баярын тоглолтоо зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Никитон 25 жил” тоглолтоо бүтэн 12 цагийн турш хийхээр товлоод байгаа билээ. Ингээд “Никитон” хамтлагийн бүх цаг үеийн шилдгийн шилдэг таван уран бүтээлийг дээжлэн хүргэе.


Янаг цэцэг: “Салхинд согтон найган дэлбээлсэн

Сайхан үнэрт янаг цэцгийг

Сэмхэн ширтэх чамдаа зориулж

Сэтгэл догдлон бэлэглэж билээ” хэмээх “Никитон” хамтлагийн алдартай дуунуудын нэг бол “Янаг цэцэг”. Хамтлагийн гоцлол дуучин Б.Батчулуун анх 1987 онд долдугаар ангийн сурагч байхдаа энэ дууныхаа аяыг бичиж байжээ. “Янаг цэцэг” дуугаа гаргаад 1989 оноос нийтэд дуулж эхэлснээс 1996-1997 оноос л үзэгчид хүрч эхэлсэн гэнэ. Бараг 10 жилийн дараа сонсогчдод хүрч, одоог хүртэл 30 гаруй эгшиглэсээр байгаа нь гайхамшиг гэлтэй.

Хос хунгийн дууль: “Ижилдэн дассан хос хун нуурандаа иржээ

 Их л удалгүй буун дуу хосыг хагацаажээ

 Өр нь цоорсон хайр ийм зовлонг яаж тэсэхэв дээ

 Өнчин хун өндрөөс хальж үхэхээр шийджээ” энэ бол Хос хунгийн дууль. “Никитон” хамтлагийн энэ дууг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Баачкагийн хувьд 14-хөн настайдаа “Янаг цэцэг”, 16 настайдаа “Хос хунгийн дууль” дуугаа зохиож байсан түүнийг гоц авьяастан гэхээс өөрөөр юу гэх вэ. Хамгийн инээдэмтэй нь, түүний Хөгжим бүжгийн коллежийн хувийн хэрэг дээр “Сонсгол дунд зэрэг, авъяас муу” гэх зэргийн тодорхойлолтууд байдаг гэсэн. Домогт “Хос хунгийн дууль”-ийг зохиосон хүүхэд тэр үед ингэж үнэлэгдэж байсан нь сонирхолтой юм.

Нандин шүтээн: “Хүүе жолоочоо хурдаа жоохон хасаад өгөөч

 Хүрэх газараа би хурдан очмооргүй байна

 Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна

 Үгүй ээ энэ бол хайр биш байсан

 Хамаг үнэнээ өөрт чинь би ярьмаар байна

 Харин өөр хүнд хэзээч бүү хэлээрэй

 Үүрдийн биш зуурдийн шөнийн жаргалаар

 Үнэн ч түүнийгээ би хуурсан” хэмээх “Никитон” хамтлагийнхан 2007 онд “Нандин шүтээн” цомгоороо тэсэрч, 2012 оны гуравдугаар сарын 6-нд “Нандин шүтээн” тоглолтоороо фенүүддээ бэлэг барьж байжээ.  Тэдний “Нандин шүтээн” цомогт “Багын найз”, “Хожимдсон сэтгэл”, “Аргадая чамайг”, “Янаг цэцэг”, “Нандин шүтээн” зэрэг уран бүтээлүүд багтжээ.

Цамцаа тайл: “Үсээ задал хонгор минь

 Үдшийн салхинд хийсэхгүй

 Үргэж одсон хүсэл сэтгэлийг

 Үнэн дурлалаараа чи энхрийл” энэ дуу тэдний анхны шуугиан тарьсан бүтээлийн нэг. Энэ дууны үгийг бичсэн түүхийн талаар яруу найрагч Д.Ган-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдахдаа “Цамцаа тайл” дууны үгийг дуучин П.Хэрлэн бид хоёр хамт бичсэн гэж явдаг юм. Дуучин П.Хэрлэн нэг өдөр “Эротик дууны үг хэрэгтэй байна” гэлээ. Би Монгол Улсын их сургуулийн оюутны байрны 423 тоотод амьдардаг байсан л даа. Тэгээд л өрөөндөө орж, үүдээ түгжиж байгаад бичсэн. “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун ая хийнэ” гээд аваад явлаа. Дараа нь нэг өдөр FM-ээр явж байхыг сонссон” тухай ярьжээ.

Үүлэн үст: “Үүлийг үсийг чинь гэж боддог

 Цасыг царайг чинь гэж боддог

 Салхийг уруулыг чинь гэж боддог

 Сарыг гунигийг чинь гэж боддог” Энэ дуу тэдний хит үргэлжлэл. Анх “Гоо ертөц” нэртэй байсан дууны нэрийг дуучин Б. Батчулуун өөрчилж, “Үүлэн үст” болгосон гэдэг. Тэд 2013 онд сонсогчдынхоо удаан хүлээсэн “Үүлэн үст” цомгийн нээлтээ хийсэн. Энэ цомогт багтсан 10 дууг дуучин Б.Батчулуун зургаан жилийн турш бодож, зохиосон тухайгаа ч тэр үед хэлж байжээ. Ингэхдээ тэрбээр “Өнөөдөр дэлхийн рок поп урлаг ямар түвшинд явна вэ. Тэр түвшинд ойртуулахын тулд чадлынхаа хэрээр хичээлээ. Бас өнөөгийн залуусын сэтгэхүйд ямар бодрол, ухаарал өгөх ёстой вэ гээд олон зүйлийг бодож эргэцүүлж хийсэн” гэсэн байх  юм. Алдарт “Үүлэн үст” дууны үгийг “Болор цом” наадмын дэд байр, яруу найрагч О.Цэнд-Аюуш бичжээ.

news.mn

Сэтгэгдэл бичих