Дурласан эр нисэх онгоцны буудалд таван сарыг өнгөрүүлжээ

Палестины автономийн уугуул 25 настай Мохаммед Альбахиш сүүлийн таван сарыг өнгөрүүлсэн Алма-Аты хотын олон улсын нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсийг орхисон байна. Палестин эр өчигдөр шөнө Румын улсыг зорьжээ. Түүнтэй хамт эхнэр нь болох Казахстаны иргэн Олеся Грищенко явсан аж. Энэ оны гуравдугаар сараас хойш сайн эр нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байрлах жижигхэн өрөөнд амьдарч байжээ.

Air Astana зорчигч тээврийн компанийн ажилтнууд түүнд хоол авчирч өгдөг байсан бөгөөд НҮБ-ын ажилчид болон орон нутгийн иргэд палестин эрд тус болж байв. Мань залуугийн визний хугацаа дууссан тул Казахстаны нутаг дэвсгэр рүү оруулахгүй байсан юм.

Өнгөрсөн оны намар тэрбээр Алма-Атыд нисч ирсэн бөгөөд тэндхийн оршин суугч 22 настай Олеся Грищенкотой гэрлэх асуудлаа цэгцлэхээр болжээ. Залуучууд Арабын Нэгдсэн Эмират улсад танилцжээ. Тэнд Альбахиш загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан бол Грищенко бүсгүй амарч явсан гэнэ. Палестин эр Казахстанд нэг сарын хугацаатай жуулчны визээр ирсэн байна.

Хугацаа нь дуусангуут тэрбээр Дубай руу буцаад эргээд Казахстан руу шинээр виз авахаар нисч ирдэг байжээ. Гэвч энэ оны хавар түүний Арабын Нэгдсэн Эмират улсад амьдрах хугацаа мөн дуусгавар болсон аж. Тэгэнгүүт залуу эр Казахстанаас Турк руу ниссэн байна. Гэтэл Турк улс түүнд виз олгохоос татгалзаад Казахстан руу илгээжээ. Казахстаны хилчид түүнийг эргүүлээд Стамбул руу нисгэтэл цаадуул нь эргээд Алма-Аты руу явуулж орхижээ.

Сэтгэгдэл бичих