МАН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэв.


Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгах олон санал гаргасан. Тэр бүгдийг тусгах нь хязгаарлагдмал ойлголт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулиар 33 хувиас ихгүй өөрчлөлт оруулна гэж байгаа. Одоо 20 гаруй хувьтай явж байна. Харин хэлэлцэх эсэхийг шийдээд хэлэлцүүлгийн шатанд өргөн баригдсан заалт дээр саналыг нь авах, бага зэргийн өөрчлөлт оруулах асуудал бий. Ерөнхий сайд, МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлтэй уулзсан. Ерөнхийлөгч тодорхой байр суурь илэрхийлж байгаа. АН-ын бүлгээс ч тодорхой санал хэлж байна. Хэлэлцүүлгийн шатанд саналыг хэлэлцээд явах боломжтой” гэв.


Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Олон нийтийн дунд МАН-ын 62 гишүүн гарын үсэг зурж, хуулийн төслийг дэмжчихээд яагаад сөрөг байр сууринаас асуулт асууж байна гэх эргэлзээ төрж байх шиг байна. Дархан, Эрдэнэтийг хот болгох саналыг иргэд гаргаж байгаа. Ажлын баг хэлэлцээд яг Дархан, Эрдэнэт гэж заахгүйгээр улсын чанартай болон орон нутгийн хотын статусыг төсөлд тусгасан. Гишүүд дээрх асуудлыг дэвшүүлж, байр сууриа илэрхийлсэн. Түүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжиж байгаа” гэв.


Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Үндсэн хууль нь нийгмийн хамгийн эрхэм бөгөөд зөвшилцлийн болон бодлогын баримт бичиг юм.  Тиймээс бүх улс төрийн нам, төрийн бүх институт хоорондоо ярилцаж, ойлголцох ёстой. Ийм ч учраас МАН энэ байр сууринаас хандаж байна. Үндсэн хууль дээр наймаа, тохиролцоо гэж байхгүй” гэлээ.


Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлэг эхэлсэн. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуултаа асууж, хариулт авсны дараа хуралдаан өндөрлөсөн.  Маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар, дээрх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуултаа асууж үргэлжлүүлнэ. 

Сэтгэгдэл бичих