Үндсэн хуулийн өөрчлөлт: Нутгийн өөрөө удирдах эрх иргэдэд очно

Хот тосгоны эрх зүйн асуудлыг бид 1992 оноос хойш ярьсан. Энэ удаагийн парламент хотын статусыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон янзаар ярьж буй. Хамгийн оновчтой гэж үзсэн хувилбараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Төслийн 57.2-т Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрхзүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, манай улсад улсын болон орон нутгийн харьяалалтай хотууд хөгжих эрх зүйн үндсийг нээж өгч байгаа хэлбэр юм. Энэ асуудлаар иргэдийн дунд хоёр удаа зөвлөлдөх санал асуулга явуулахад 78.9, 61.4 хувийн саналаар дэмжигджээ. Олон нийтийн хэлэлцүүлэгт 273388 иргэн оролцсоны 180333 нь энэ саналыг дэмжсэн байна.

Үүнээс гадна хуульд сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байхаар тусгажээ. Мөн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгоно. Одоо НИТХ 45 төлөөлөгчтэй, дүүрэг, аймаг, сумдын төлөөлөгчийн тоо харилцан адилгүй байгаа. Таны амьдарч байгаа сум, дүүргийн төсөв баталдаг, захиран зарцуулдаг байгууллага хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байхыг иргэд өөрсдөө тогтоодог, сонгодог болох нь.

Аймгийн, нийслэлийн Засаг даргыг иргэдийн сонгосон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно. Харин баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга томилохоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгажээ.

Гэхдээ төсөлд төсөв, өмчийн асуудлыг тусдаа шийдэх зохицуулалт ороогүй. Манай улсад бүх төсөв үйлчилгээ зөвхөн нэгжээр явдаг. Хот тосгоны статус суманд байдаг учраас жишээ нь Бор-Өндөрийг хот гэж нэрлэж, төсөв захиран зарцуулах эрхтэй болгож байх жишээтэй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог эрхээ хадгалж үлдээд дүүрэг, сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болж байж нутгийн өөрөө удирдах байгууллага сонгодог утгаараа хөгжинө.

Энэ талаар хуульч Ж.Сүхбаатар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн 59.4-т том алдаа байна. Дүүрэг гэж ямар байгууллага юм. Дүүргийн статустай хотууд манайд бий. Хот тосгон хоёр янзын статустай. Эндээс үүдээд томилгооны асуудлыг хоёр янзаар шийдэх ёстой. Заримыг нь иргэд нөгөө хэсгийг нь шууд томилдог болох хэрэгтэй. Нутгийн удирдлага дээр онож байгаа онохгүй зүйл ч байна” гэлээ.

Сум, дүүргийн Засаг даргыг хугацаанаас нь огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно гэж хуулийн төсөлд заагаад байгаа юм.

Дашрамд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн бол нэг сарын хугацаанд өөр асуудал хэлэлцдэггүй хуулийн заалттай билээ. 

Сэтгэгдэл бичих