Хонгконгт гэмт хэрэгтнүүдийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэж байна

Хонгконгийн төвд олон арван мянган хүн гэмт хэрэгтнүүдийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсч буй тухай “RTHKрадио мэдээлж байна. Үүнээс үүдэн Хонгконгийн Хууль тогтоох зөвлөл тус хуулийг хэлэлцэн батлах хуралдаанаа тодорхой бус хугацаагаар хойшлуулахад хүрчээ.

Эсэргүүцэгчид хотын Адмиралти дүүрэг дахь Засгийн газрын цогцолбор, Хууль тогтоох зөвлөлийн барилга бүхий гудамжуудыг дүүргэж замын хөдөлгөөнийг хаажээ. Жагсаалд гол төлөв хичээлдээ гарахаас татгалзсан оюутнууд оролцож байгаа аж. Хонгконгийн их сургуулийн оюутан Ли Чен ярихдаа, “Бид Хонгконг Бээжингийн шахалтаар өөрийн статус, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсээ алдан Хятадын жирийн нэг хот болохыг хүсэхгүй” гэжээ.

   Хонгконгийн гудамжуудад хэв журмыг сахихаар таван мянган цагдааг дайчилжээ. Цагдаа нар одоогоор жагсагчдыг хүчээр тараахаас зайлсхийж байгаа аж.  

Хонгконгийн захиргаа гэмт хэрэгтнүүдийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийг хойшлуулалгүй батлах болно гэж нэг бус удаа мэдэгдэж байжээ. Харин ардчилсан хүчнийхэн тус хуулиар зөвхөн эрүүгийн ба авлигын хэрэгт холбогдочид бус, хүний эрхийг хамгаалагчдыг ч Хятад руу шилжүүлэн өгөх болно хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих