Суданы экс-Ерөнхийлөгчийг шоронгоос суллах оролдлого бүтэлгүйтжээ

Суданд болсон цэргийн эргэлтийн дараа шоронд хоригдох болсон тус улсын экс-Ерөнхийлөгч Омар Аль Баширыг дэмжигчид нь суллах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн тухай “Al-Arabiya” телевиз мэдээлжээ.

100 гаруй хүн Омар Аль Башир болон түүний тойрон хүрээлэгчид хоригдож буй Суданы нийслэл Хартумын хойд хэсэгт орших Коберийн төв шоронг довтолсон ч аюулгүйн албаныхан няцаалт өгч хэд хэдэн хүнийг баривчилжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд эдийн засгийн туйлын хүнд байдлаас үүдсэн олон сарын эсэргүүцлийн цуглааны дараа цэргийнхэн тус улсыг 30 жил удирдсан Омар Аль Баширыг албан тушаалаас нь буулгаж эрх мэдлийг гартаа авчээ. Тэд Цэргийн зөвлөл байгуулж, парламентыг тараан Үндсэн хуулийн үйлчлэлийг түр зогсоосон байна.

Суданы сөрөг хүчнийхэн иргэний Засгийн газрыг яаралтай бүрдүүлэхийг уриалан Цэргийн зөвлөлийн эсрэг ажил хаялт эхлүүлжээ. Цэргийн зөвлөл Омар Аль Баширыг терроризм, авлигыг санхүүжүүлсэн, жагсагчдыг буудаж алах тушаал өгсөнд буруутгаж байгаа аж.

Энд тэмдэглэхэд, Африкийн халуун бүс Өмнөд Суданд манай энхийг сахиулагчид алба хашиж байгаа билээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих