Ким Чен Уны “хэлмэгдсэн” гэх эмэгтэй дүү түүний хамт олны өмнө үзэгдэв

Ким Ё Жон,  Ким Чен Ун хоёр Преньяны цэнгэлдэх хүрээлэнд  олныг хамарсан гимнастикийн тоглолтын нээлтэд оролцжээ.

АНУ-тай хийсэн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсны учир “хэлмэгдсэн” хүмүүсийн жагсаалтад Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн оруулсан БНАСАУ-ын удирдагчийн эмэгтэй дүү  Ким Ё Жон Пхеньяны цэнгэлдэх хүрээлэнд гмнастикийн тоглолтын улирлын нээлт дээр Ким Чен Уны хамт олны өмнө үзэгдсэн байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мягмар гарагт ингэж мэдээлжээ. 

БНАСАУ-ын удирдагч болон түүний гэргий Ли Соль Жу нар тус оронд томоохонд ордог Тавдугаар сарын нэгний цэнгэлдэх хүрээлэнгийн индэрт гарч ирж, ингэхдээ Ким Чен Ун “баярлан хөөрсөн олон руу  гар даллан удтал, халуун дотноор мэндчилж байсныг”  тэмдэглэсэн  байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, цэнгэлдэх хүрээлэнд тус улсын дээд удирдлагын төлөөлөгчид, түүний дотор  Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны орлогч дарга Ким Ён Чхоль байжээ. Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг Ханойд БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны  дараа шийтгүүлсэн гэх дипломатчдын тоонд бас оруулсан юм. 

АНУ-тай хийсэн хэлэлцээний асуудлыг гол хариуцаж байсан СХН-ын ТХ-ны орлогч дарга, Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чхолийг албан тушаалаас нь буулгаж, тус орны хойд нутгийн нэг мужид цөллөгөнд явуулжээ хэмээн Өмнөд Солонгосын “The Chosun Ilbo” сонинд түрүүнд нь бичсэнюм. Түүгээр ч барахгүй,  Ханойд АНУ-тай хийсэн дээд хэмжээний уулзалт бүтэлгүй дууссаны дараа дээд хэмжээний уулзалтад бэлтгэсэн БНАСАУ-ын дөрвөн дипломатч, түүнчилэн БНАСАУ-ын төрийн зөвлөлийн АНУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ким Хёк Чхолийг цаазлажээ хэмээн сонинд бас бичсэн байна.  Мөн СХН-ын ТХ-ны суртал, ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба хашдаг БНАСАУ-ын удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жоныг гэрийн хорионд оруулжээ хэмээн Өмнөд Солонгосын сонинд бичсэн байна. 


С.Инда

Сэтгэгдэл бичих