Орос улс Венесуэл дахь цэргийн мэргэжилтнүүдийнхээ тоог эрс бууруулжээ


            Орос улс Венесуэл дахь цэргийн мэргэжилтнүүдийнхээ тоог эрс бууруулсан нь Москва тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын ирээдүйд итгэл алдарсны илэрхийлэл гэж “The Wall Street Journal” сонин үзэж байна.

            Тус сонинд бичсэнээс үзвэл, Венесуэлийн цэрэг, офицеруудыг бэлтгэх, тус улсад зэвсэг нийлүүлэх ажиллагааг хариуцдаг Оросын төрийн өмчит “Ростех” корпорац мянга шахам мэргэжилтнүүдээсээ хэдхэн арвыг л үлдээгээд байгаа аж.

            Уг нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Ростех”-ийн хэвлэлийн алба Венесуэлд Оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нисдэг тэрэгний сургалт, дасгалжуулалтын төв нээсэн тухай сүржин мэдэгджээ. Венесуэлийн нисгэгчдийг богино хугацаанд байлдааны “Ми-17В-5”, “Ми-35М” болон “Ми-26Т” нисдэг тэргүүдийг жолоодоход сургах зорилготой тус төвийн ирээдүй цэргийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны бусад төслүүдийн нэгэн адил өдгөө бүрхэг болжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих