Ким Чен Ун цөлөгдсөн гэх албан тушаалтантай хамт концерт үзжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөлөгдөх ял сонссон хэмээн түрүүнд нь мэдээлж байсан өөрийн нэгдүгээр орлогч Ким Ен Чхолийн хамт  концерт үзжээ.  Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ингэж мэдээлсэн байна. 

Ким Ен Чхоль  бусад албан тушаалтны хамт сайн дурын урансайханчдын концерт үзсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад  багтжээ. Энэ арга хэмжээнд бас Хойд Солонгосын удирдагчийн гэргий Ли Соль Жу очсон байна.

АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын хэлэлцээ үр дүнгүй болсны учир Ким Ен Чхолийг цөллөгөд явуулжээ гэж Өмнөд Солонгосын “Чосун ильбо” сонинд түрүүнд нь бичсэн юм. Гэвч БНСУ-ын улс орноо сэргээн нэгтгэх яам энэ мэдээлийг нотлох юмуу няцаагаагүй  байна.  Умард Солонгосын төрийн албан хаагчдыг цаазласан тухай тус сонин удаа дараа бичиж байсан ч, энэ нь худал болох нь сүүлд тодорхой болж байсан  юм гэж РИА Новости агентлаг тэмдэглэжээ. 

Дональд Трамп болон Ким Чен Ун нарын хоёр дахь уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамын нийслэлд болсон билээ.  Хэлэлцээ товлосноос хоёр цагийн өмнө дууссан байна. Хэлэлцээний төгсгөлд хоёр тал тодорхой тохиролцоонд хүрээгүй, хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй юм. 


С.Инда

Сэтгэгдэл бичих