Тереза Мэйгийн оронд хэн гарч ирэх вэ?

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйг  Консерватив намын тэргүүний албан тушаалыг орхих гэж байгаагаа мэдэгдсэний дараа Нэгдсэн вант улсын букмекерийн компаниуд  түүнийг залгамжлагч нь хэн болох талаар таамаглал дэвшүүлж эхлэжээ.

 

Ерөнхий сайдын суудлын төлөө сунгаанд хамгийн найдлага төрүүлж буй  хүн нь Их Британийн ГХЯ-ны  тэргүүн байсан Борис Жонсон болж байна. Европын холбоотой байгуулах хэлцлийн болзлыг уншмагцаа огцорсон Brexit-ийн асуудал эрхлэсэн нарийн бичгийн дарга асан Доминик Рааб хоёрт оржээ.  Эрүүл мэндийн сайд байсан бөгөөд британийн ГХЯ-ны одоогийн тэргүүн Жереми Хант гуравт орж байна гэж телевизийн “Россия 24” сувгаар мэдээлжээ.

 

Тереза Мэй Консерватив намын тэргүүний албан тушаалаас зургаадугаар сарын 7-нд огцрох юм. Түүний танилцуулсан Brexit-ийн талаар ЕХ-той байгуулах шинэ  хэлэлцээрт дургүйцсэн сайд нарын танхимын гишүүд болон нэг намын гишүүдийнхээ шахалтаар Британийн ерөнхий сайд ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн байна.

 

Ингэхдээ шинэ удирдагчийг сонгох үйл явц дуусах хүртэл Тереза Мэй ерөнхий сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байх аж. Намын шинэ удирдагчийн нэр долоодугаар сарын 20 гэхэд тодорхой болох төлөвтэй байна.

 

Борис Жонсон  энэ албан тушаалын төлөө үзэлцэнэ гэдгээ нэгэнт нотложээ.  Их Британи ямар ч байсан аравдугаар сарын 31-нд ЕХ-ноос гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэр илэрхийсэн байна.

 

“Бид хэлэлцээртэй, хэлэлцээргүйгээр аравдугаар сарын 31-эд ЕХ-ноос гарна” гэж тэр Швейцарын рашаан сувиллын Интерлакен хотхонд болсон эдийн засгийн бага хурал дээр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.

 

С.Инда

 

Сэтгэгдэл бичих