Малайзын “Боинг”-ийг унагасанд Украин буруутай гэж мэдэгдэв

2014 оны зун Донбасст “Malaysia Airlines” компанийн зорчигч тээврийн “Боинг” нисэх онгоц сүйрсэнд Украин холбогдолтой байж болох юм.  Европын парламентын гишүүн,  Европын холбоог  эсэргүүцэгч Голландын “Ардчиллын төлөө форум” намын  удирдагч Тьерри Боде ингэж мэдэгдсэнийг “NL Times”сонинд мэдээлжээ.

Тэрээр тус орны ерөнхий сайд Марк Рюттетай телевизээр мэтгэлцэх явцдаа  хамтарсан мөрдөх хэсгийн мөрдөн шалгасан ажлын дүнг зөвшөөрөхөөс татгалзсан байна. “Би энэ илтгэлийн талаар эргэлзэж явдаг хүн. Украин  бас уг хэргийн  байж болох буруутны нэг юм” гэж  улстөрч онцлон тэмдэглэжээ.

Малайзын “Боинг” сүйрсний хариуцлагыг хүлээх  ёстой орнуудыг  улс төрчид биш, харин шүүгчид тогтоох ёстой гэж тэр төгсгөлд нь хэлсэн байна. Ерөнхий сайд Рютте  түүнийг Орост хайртай нэгэн хэмээн тодорхойлоод, Орост түүний хандаж байгаа хандлагыг “арслантай наадаж буй хэрэг” гэж  мэдэгджээ.

Нисэхийн “Malaysia Airlines” компанийн “Боинг” нисэх онгоцыг оросын зэвсэгт хүчний “Бук” хэмээх зенитийн пуужингаар сөнөөжээ гэсэн дүгнэлтийг хамтарсан мөрдөх хэсгийнхэн 2018 оны тавдугаар сард хийсэн ч,  үүний хариуцлагыг  чухамхүү хэн хүлээн ёстойг тогтоогоогүй байна.  Дараа нь Нидерландын засгийн газар Оросыг нисэх онгоц сөнөөсөн буруутан гэж мэдэгджээ.  Үүнийг Австрали, НАТО болон Европын холбоо дэмжсэн байна. Нисэх онгоц сүйрсэнд Оросыг буруутгаж болохгүй гэж Малайзын тээврийн сайд Энтони Лок сүүлд нь мэдэгдсэн юм.

Амстердам хотоос Куала-Лумпур рүү нислэг үйлдэж явсан нисэхийн “Malaysia Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоц 2014 оны зун Донецк мужид унасан билээ. Нисэх онгоцонд сууж явсан бүх 298 хүн амь үрэгдсэн юм.  Энэ хэрэг явдлыг мөрдөн шалгаж буй хамтарсан хэсэгт Австрали, Бельги, Малайз, Нидерланд болон Украины төлдөөлөгчид ордог байна.

С.Инда

Сэтгэгдэл бичих