“Ханан дундах хүүхэд нас” симпозиум зохион байгуулна

“Ханан дундах хүүхэд нас” нэртэйгээр Монголын Дотоод Орчны агаарын чанарын анхдугаар симпозиум маргааш /2019.05.24/ МУИС дээр болох гэж байна.

Хүн амьдралынхаа 95 хувийг дотоод орчинд буюу гэр, ажил, хоолны газар, сургууль зэрэг газруудад өнгөрөөдөг ба дотоод орчны агаарын бохирдлын талаар монголчуудын ойлголт мэдээлэл тун бага байгаагаас болж агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн хамрах цар хүрээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Гадаад орчны бохирдлоос илүү дотоод орчны бохирдол бидний эрүүл мэндэд илүү аюултай болж ирснийг сургууль, цэцэрлэгүүд дээр гарах болсон олон хүүхдийг хамарсан өвчлөлүүдээс харж болно.

Агаарын бохирдол, утааны асуудлыг ойрын ирээдүйд бүрэн шийдэх чадавхи манай улсад дутмаг тул юун түрүүнд олон нийтийн дотоод орчны агаарын чанарын талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоо үүсгэн байгуулагджээ.

Маргааш МУИС-ийн Номын сангийн байранд болох “Ханан дундах хүүхэд нас” симпозиумын үеэр дотоод орчны агаарын чанарын судалгаа, шинжилгээ Монгол Улсад ямар түвшинд явж байгаа болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах шийдлүүдийн талаар мэргэжлийн болоод бизнесийн байгууллагууд хэлэлцэх юм байна.

Тэд юун түрүүнд цэцэрлэгийн агааржуулалтын асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох бодит ажлуудыг хийхээр зорьж байна.

Сэтгэгдэл бичих